Эрх чөлөөний хөшөөний зүг

ТОЙМ
b.tuul@montsame.gov.mn
2023-11-26 10:58:20

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Хөлгүй далайд гарвал зомгол шиг, хүн зон амьдарвал байшин шиг гатлага онгоцоор Эрх чөлөөний арлын зүг хөдлөв. Түмэн хэлийн амьтныг нуруун дээрээ ачаалсан тэрхүү гатлага онгоц хэзээнээсээ энэ л зүг бүх л өдрийн турш нааш цааш хэрэн хэрсээр хэвшсэн тул гагцхүү алтан гадас одыг баримжаалагч эрэлчин лугаа адил чиг гуйвалгүй арал тийш зугуухнаар хөвөх.


Замын дунд ороход гатлага онгоц эрчээ авч хурдлах зуур анх онгоцны тавцан дээр гарахад мэдрэгдэж байсан дайвалзах хөдөлгөөн савлах хөдөлгөөн болох үед задгай далайг эзэгнэгч далайчин эрсийн эр зориг, эрүүл чийрэг бялдар, эрсдэл тооцоолох чадварт толгой бөхийн мэхэсхийх ёстойгоо ойлгов. Бага зэрэг уужрах санаатай холын бараа олж харахаар харцаа өргөвөл өглөөний нарны туяа хөх усны тэгш мандал дээр буун гялтагнан гялалзаад, болор талстуудыг үүсгэн бүжиглүүлэх авай. 


Түүний цаана бүрсгэр тэнгэрт мандсан бүүдгэр наран доогуур 8.5 сая хүнийг агуулсан их хотын бараа бүрсийж үзэгдэнэ. Тэнгэр өөд ассан толин нүүр бүхий шовх оройт барилгууд сийрэг манан дундаас тоомжиргүйхнээр над руу “харах” нь Нью-Йорк бөлгөө. Энэхүү зураглал бол өрнө буюу. 


Урдах зангуугаа хаясан уу яасан, дуут дохио өгсөн үү яасан бүү мэд, гатлага онгоц Эрх чөлөөний хөшөөний нүүрэн талыг ороож, архан тал дахь зогсоолд тулж ирэв. Онгоцны тавцан дээрээс анх харахад баримжаалах төдий үзэгдэж байсан хөшөө одоо гарт баригдахуйц ойрхон болжээ. Зорчигчид онгоцноос уван цуван бууж эхлэв. Эдүгээ цагт хаанаас нь ч харсан үл андуурам эл хөшөөг анх францчууд АНУ-ын Тусгаар тогтнолын 100 жилийн ойгоор бэлэг болгон өгөх санааг гаргасан гэдэг. Тиймээс л гатлага онгоцноос хамт бууж буй гэр бүлийн бололтой эр эм хоёр францад уг төрхөөр нь биечлэн ирж үзэх шалтгаан буй биз ээ хэмээн бодогдов.


Бүгд хойно хойноосоо шил даран алхсаар хөшөөний их биеийн өмнө тулж ирэх үед нар дээш хөөрч, илч дулаан ч нэмэгдэв. Баруун гартаа бамбар, зүүн гартаа тунхаг барьж, тэргүүндээ долоон цацраг бүхий титэм асаасан Эрх чөлөөний хатагтай сүүдэр шийнд буусан тэр л янзаараа орон суурин дээрээ зогсох аж. Нэрийг нь дурсах төдийд дэлхийн түг түмэн хүмүүсийн нүдэнд янз дүрээрээ сэтгэлд буудаг энэхүү ногоон хатагтайн баримал уг буурин дээрээ заларснаас хойш даруй зуу гаруй жилийг хэдийнэ ардаа орхижээ.


Эрх чөлөөний хөшөө нь Америк болон дэлхийн хамгийн алдартай уран барилгуудын нэг юм. Хөшөөний сууриас титэм хүртэл 354 шаттай, хөшөөний өндөр 46 метр, доод суурьтайгаа нийлээд 93 метр аж. Энэхүү хөшөөг 1885 оны зургаадугаар сарын 17-нд Францаас хөлөг онгоцоор Нью-Йорк хотод авч иржээ. Далай дамнасан тэр удаагийн аялалд зориулж хөшөөг 350 хэсэг болгож, 214 хайрцагт савласан байна. 


Францын барималч Фредерик Бартолди хөшөөг 1876 онд АНУ-ын Тусгаар тогтнолын 100 жилийн ойгоор бэлэглэх бодолтой байсан ч амжилгүй байсаар 10 жилийн дараа л бэлэн болгосон аж. Баримлын бамбар барьсан баруун гарын хэсгийг аль эрт хийж, 1876 онд Филадельфид болсон үзэсгэлэнд тавьж байсан байна. Хөшөөний их биеийг 1884 онд бүтээж дууссан агаад дийлэнхийг нь хандивын хөрөнгөөр босгосон гэдэг. Хандив цуглуулсан үйл явцыг нэг бүрчлэн задлан судалбал маш сонирхолтой, олон хүнийг нэгтгэж чадсан нэгэн салбар түүхийг салаалуулан өгүүлж болох юм билээ.


Асар том энэхүү хөшөөг сүндэрлүүлэхийн тулд Бартолдид мэргэжлийн инженерийн туслалцаа хэрэг болсон байна. Тэрээр Эйфелийн цамхгийг үндэслэгч, нутаг нэгт Гюстав Эйфельд хандсанаар санасандаа хүрч чадсан аж. 1886 оны аравдугаар сарын 28-нд Эрх чөлөөний хөшөө албан ёсны нээлтээ хийсэн ба 1924 онд тус хөшөөг АНУ-ын үндэсний дурсгалт газар болгожээ. 1956 онд Бедлоу арлыг Эрх чөлөөний арал хэмээн нэрийг нь өөрчилж, 1966 онд АНУ-ын түүхэн газруудын үндэсний бүртгэлд оруулсан байна. Мөн уг бүтээлийг 1984 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгэжээ.


Эрх чөлөөний хөшөөнд зөвхөн гатлага онгоцоор хүрч очих боломжтой. Бид Манхэттэний талаас хүрч очсон. Онгоцонд суухын өмнө нисэх онгоцны буудлын аюулгүй байдлын үзлэгт хамрагддагтай адил хяналт шалгалтыг дамжсан юм даг. Хамгаалалтын албаныхан соронзон дохиолол бүхий хаалга бүрийн дэргэд зогсох ба хориглосон эд зүйл байгаа эсэхийг шалгаж оруулдаг. Насанд хүрэгчид 23.50 ам.доллар, 62-оос дээш насныхан 18 ам.доллар, 4-12 насны хүүхэд 12 ам.доллар, 3 хүртэлх насны хүүхэд үнэгүй. Тасалбарт гатлага онгоцны хоёр талын тээвэр, Эрх чөлөөний хөшөөний музей, Эллис арлын Цагаачлалын үндэсний музей, арал тус бүрийн аудио аялал багтдаг. 


Тасалбарыг тухайн өдөртөө болон урьдчилан худалдан авч болно. Хүсвэл зургаан сарын өмнөөс авах боломжтой. Аудио аяллыг араб, англи, франц, герман, хинди, итали, япон, солонгос, мандарин, португали, орос, испани зэрэг 12 хэлээр, мөн америкийн дохионы хэл болон аудио дүрслэх хувилбарыг санал болгодог. Аудио аяллыг бүх тасалбар эзэмшигч ашиглах боломжтой. Насанд хүрэгчдэд зориулсан болон гэр бүлд зориулсан хувилбарууд байдаг гэж https://www.statueofliberty.org/ сайтад бичсэн нь буй.


Аливаа аялал бүр бидний мэддэг юм шиг хэрнээ мэддэггүй олон агуулгыг алган дээр мэт таниулж өгдөг сайн талтай. Эрх чөлөөний хөшөөний түүхийг харуулсан “Statue of Liberty Museum” гэсэн хаяг бүхий музей уг арал дээр байдгийг энэ удаагийн аяллаар нээж илрүүлэв. 2016-2019 онд гурван жилийн хугацаанд барьсан 26 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий музей нь хөшөө тойрсон түүхийг задалж харуулдаг. Ингэхдээ бүтээгчдийн намтар цадиг, онч үгс бүхий ишлэл, хөшөөний анхны загвар, ерөнхий бүтэц, тэдгээрийн деталь хэсэг, түүнтэй холбоотой бүтээх үйл явцыг харуулсан хуучны гэрэл зураг, танилцуулга бүхий самбар, видео бичлэг зэргийг ашигласан байх юм. 


Эрх чөлөөний бэлгэ тэмдэг болсон энэхүү хөшөө анх нээлтээ хийх үед зэсийн өнгөөр туяарч байсан бол он цагийн эргэлтэд химийн урвалд орж номин ногоон өнгөөр тунарч үзэгдэх болжээ. Энэ тухай өгүүлсэн тусгайлсан зурагт самбар тус музейн хананд байх. “Хөшөө яагаад ногоон өнгөтэй болсон бэ” гэсэн гарчигтай зурагт самбарт зэс байгаль эхийн ааш аяыг даалгүй өнгө нь хэрхэн хувирдаг болохыг харуулсан байв. 


Өөр нэг сонирхолтой үзмэр бол эрх чөлөөний хатагтайн “эзэмшлийн” анхны бамбар юм. Тэрхүү бамбарыг шинэ музейг барих явцад нүүрэн талын шилний хэсгээр оруулж байрлуулсан байна. Яагаадыг бүү мэд, уг бамбар миний төсөөлснөөр улалзаж буй гал шиг дээш цоролзсон хэлбэртэй хэмээн боддог байв. Гэтэл бамбарыг дэргэдээс нь үзвэл Алиддиний дэнлүү шиг хэвтээ маягтай хийцтэйгээр бүтээгдсэн аж. Тус хөшөөний нүүр, хөл зэрэг деталиуд тус тусдаа байх ба тэр бүрийн хажууд зогсох үед эл хөшөө ямар томоохон хэмжээтэй болох нь ойлгогдоно. Тэндээс ямарваа нэг бүтээл туурвилын “гэдэс доторх”-ыг онгичож үзэх боломжийг олгодог музейн ач тусыг улам ч ихээр тунгаав. 


Музейгээс гараад бэлэг дурсгалын мухлагаар орлоо. Нүүрэн дээрээ Эрх чөлөөний хөшөөний зурагтай ном дэвтэр, үзэг бал, эвлүүлдэг цаасан тоглоом, хөргөгчний наалт, түлхүүрийн оосор гээд юм юм байх. Дэлгүүрээс гарч хажуугийн жижиг хүнсний дэлгүүрт орлоо. Ойр зуурын хоол хүнс, ус ундаагаар үйлчилж байв. Тэгсгээд аялал маань өндөрлөх тал руугаа хандав.

Ингээд дараагийн гатлага онгоц зогсоолд ирэхийг хүлээн наранд ээн суух дор нисдэг тэрэгний сэнсний эргэлдэх чимээ сонсогдоно. Энэ бол XXI зуун буюу. Энэ бол мега хотын жирийн нэг өдөр бөлгөө. 


Холбоотой тэмдэглэл унших бол https://montsame.mn/mn/read/332214?fbclid=IwAR1Jx6q5bKTL1tbYzg9dc4r06jGngqeJP9fEyfw4uhWlmTExbeCb5EJ2rmE холбоосоор орж унших боломжтой.






Холбоотой мэдээ