Эрт илрүүлгийг эрчимжүүлэх баг Орхон, Булган аймагт ажиллав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2023-10-26 15:57:15

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Улсын Гуравдугаар төв эмнэлгийн эмч нарын баг Орхон, Булган аймагт ажиллаад иржээ.


Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/256 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд орон нутгийн иргэдийн эрт илрүүлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудад урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ, оношилгоог оновчтой, үр дүнтэй зохион байгуулахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор тус эмнэлгийн эмч нарын баг ажилласан байна.


Тус эмнэлгийн зүрх судас, мэдрэл, хоол боловсруулах замын эмгэг, ходоодны дуран, зүрхний судсан дотуурх оношилгоо эмчилгээний төрөлжсөн мэргэшлийн эмч нараас бүрдсэн баг энэ сарын 11-20-нд Орхон, Булган аймгийн Эрүүл мэндийг дэмжих төвд ажиллаж иргэдэд эрт илрүүлгийн үзлэг оношилгоо хийжээ. Тэд Орхон аймгийн Эрүүл мэндийг дэмжих төвөөр үйлчлүүлсэн 180 хүнд эрт илрүүлгийн үзлэг, судсан дотуурх оношилгоо, эмчилгээ, мэдрэл, зүрхний нарийн мэргэжлийн эмчийн үзлэг хийсэн бол Булган аймагт 190 гаруй хүнд мэдрэл, зүрхний нарийн мэргэшлийн эмчийн үзлэг, ходоодны уян дурангийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношилгоо хийж зөвлөгөө өгчээ.


Энэ үеэр эрт илрүүлэг, төрөлжсөн мэргэшлийн үзлэг оношилгоо хийхээс гадна яаралтай тусламжийн тасагт ирсэн онош тодорхойгүй хүнд үйлчлүүлэгчийн оношилгоо, эмчилгээний асуудлыг шуурхай шийдвэрлэх талаар орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг хамруулан зөвлөгөөн зохион байгуулсан байна.

УГТЭ-ийн эмч нарын баг дараагийн ээлжинд Ховд аймагт ажиллахаар төлөвлөжээ. 


Холбоотой мэдээ