Нийслэл хотод тулгарсан замын түгжрэл, гэр хорооллыг орон сууцжуулах гарц шийдлийг УИХ хэлэлцэж эхэллээ

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2023-11-03 17:38:35

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ үзэл баримтлалын хувьд дэмжиж, 1 дүгээр хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.


Улаанбаатар хотын суурьшлын нягтрал нь зах зээлийн эдийн засагт шилжсэнээр нийслэл рүү чиглэсэн хүн амын шилжих хөдөлгөөн 1990 оноос хойш эрчимтэй нэмэгджээ. Улаанбаатар хотын хүн амын тооны өсөлтийг доорх байдлаар харж болно. Тухайлбал:

  • 1990 онд 560.6 мянга
  • 2000 онд 747,1 мянга,
  • 2010 онд 1112.3 мянга,
  • 2023 онд 1691.7 мянган хүн амтай болж 3 дахин их болжээ.

Улаанбаатарын хүн амын өсөлт, хотжилт, түүнийг дагасан тээврийн хэрэгслийн тооноос шалтгаалан хотын замын хөдөлгөөний түгжрэл сүүлийн жилүүдэд үлэмж нэмэгдсээр байгаа аж. 


Мөн манай улсад 2022 оны жилийн эцсийн байдлаар нийт 1.2 сая орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагийн 56 хувь буюу 712,992 нь нийслэлд бүртгэлтэй байна. Сүүлийн 10 жилд улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 107 хувиар буюу 2 дахин, үүнээс Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 93 хувиар хувь буюу 1.9 дахин нэмэгджээ. Гэхдээ Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувь нь Улаанбаатар хотод ногддог. Энэ жижигхэн орон зайд жилд дунджаар шинээр 40 гаруй мянган иргэн, 47 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдэж байна.

 

Япон улсын ЖАЙКА олон улсын байгууллагаас хийсэн судалгаагаар нийслэл Улаанбаатар хотын автомашины импорт энэ чигээрээ хурдацтай нэмэгдсээр байвал зам дээрх тээврийн хэрэгслийн дундаж хурд:

  • 2025 онд 8 км/ц,
  • 2030 онд 5 км/ц, 
  • 2040 он гэхэд автозамын урсгал хэт түгжрэлд зогсох төлөвтэйг тооцоолон гаргажээ.

Улаанбаатар хотын 2021 оны түгжрэлийн алдагдсан боломжийн өртөг 3.82 их наяд төгрөг буюу 1,245 сая ам доллар болохыг судалгаагаар тогтоожээ. Энэ нь Улаанбаатар хотын ДНБ-ий 16 хувь, Монгол Улсын ДНБ-ий 9 хувьтай тэнцэхүйц хэмжээний дүн бөгөөд нийслэл хотын хүн амын тоонд харьцуулан үзвэл нэг хүнд ногдох өртөг 2 478 758 төгрөг юм байна

 

Замын хөдөлгөөний түгжрэл 

Нийслэл хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн төрөл хүртээмж, авто зогсоолын ашиглалтыг сайжруулах, замын хөдөлгөөний төлбөртэй бүсийг тогтоох замаар замын хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний түгжрэл нийгэм, эдийн засгийн нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах шаардлага гарсан байна. Гэхдээ замын түгжрэлийг бууруулах энэ ажлыг агаар, хөрсний бохирдол, гэр хорооллыг дахин төлөвлөн орон сууцжуулахтай хамт цогцолбороор нь авч үзэх хүрээнд  Нийслэлийн шинэ удирдлага хийх ажлаа эрэмбэ дараатай шийдвэрлэх үүднээс хуулийн төслийг боловсруулжээ. 


Хуулийн төсөлд дараах зарчмын шинжтэй зохицуулалтыг тусгажээ. Тухайлбал:

  • “Замын хөдөлгөөний түгжрэл”, “замын хөдөлгөөний төлбөртэй бүс”, “нийгмийн зайлшгүй хэрэгцээ” зэрэг нэр томьёог хуулийн төслөөр тодорхойлж, тус хуулийн үйлчлэх хүрээг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэр байхаар хязгаарлав;
  • Авто зогсоолын төрөл, тэдгээрт тавигдах нийтлэг шаардлагыг хотын стандартаар тогтоох, авто зогсоолын менежментийг сайжруулах, нэгдсэн систем бий болгох асуудлыг нийслэлийн Засаг дарга хариуцах;
  • Замын хөдөлгөөний төлбөртэй бүсэд тогтоох төлбөрийг бүсэд нэвтрэх тоогоор 0-ээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5 хүртэл хувьтай тэнцэх мөнгөн дүнтэй байхаар тогтоож, төлбөрийн хэмжээг энэхүү хязгаарт багтаан нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хурал тогтоох;
  • Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх, такси үйлчилгээний хяналт, зохицуулалт, нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн бүртгэл, дугаарын хязгаар, нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн талаарх зохицуулалтыг оруулсан байна.

 

Гэр хорооллын орон сууцжуулалт

Нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөж орон сууцжуулахын тухайд, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 412.5 мянган өрх амьдарч байгаагаас 51.4 хувь буюу 212 мянган өрх нь орон сууцанд, үлдсэн 48.6 хувь буюу 200 мянган өрх нь гэр хороололд амьдарч байна. Гэр хорооллын нийт өрхийн 92.3 хувьд хөрсийг бохирдуулагч, эрүүл ахуйн шаардлага хангаагүй 144 мянга 992 нүхэн жорлон байна.  


"Эм Эм Си Жи" судалгааны байгууллагаас 2020 онд хийсэн “Нийслэлийн орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн судалгааны тайлан”-нд дурдсанаар Улаанбаатар хотод нийт айл өрхийн 64 хувь нь буюу 290 мянга 232 өрхөд ирэх 3 жилд буюу 2022-2024 онд инженерийн дэд бүтэц бүхий орон сууцтай болох хэрэгцээ байгаа гэжээ. Харин 21 хувь нь 81 мянга 895 өрхөд инженерийн дэд бүтэц бүхий орон сууцтай болох хэрэгцээ байхгүй. Одоогийн амьдарч буй гэр хорооллын сууцны нөхцөлөө сайжруулах хүсэлтэй байна гэжээ. Мөн 12 хувь буюу 47 746 өрхөд ирэх 3 жилд түрээсийн орон сууцанд амьдрах хэрэгцээ шаардлага байгаа талаар дурджээ.


“Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц төсөл”-ийн багийн 2022 оны 9 дүгээр сард хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын Сэлбэ дэд төвийн хамрагдсан нийт талбарын 69 хувь нь газрыг дахин төлөвлөж барилгажуулах төсөлд орох сонирхолоо илэрхийлжээ. Эдгээр иргэдийн 78 хувь нь амьдарч буй газраа орон сууцаар солих хүсэлтэй гэжээ. Баянхошуу дэд төвийн талбарт хамрагдсан нийт талбарын 71 хувь нь газрыг дахин төлөвлөж барилгажуулах төсөлд хамрагдах боломжтой гэсэн байна. Тэдний 73 хувь нь амьдарч буй газраа орон сууцаар солих хүсэлтэй байгаа гэнэ. Эдгээр дэд төвүүдийг орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэх ажлын хүрээнд газар эзэмшигч, өмчлөгч иргэдийн дунд 2023 оны 9 дүгээр сард явуулсан санал асуулгаар Баянхошуу дэд төвд хамрагдах 1813 нэгж талбар (162 га)-аас 85.3 хувь нь, Сэлбэ дэд төвд хамрагдах 2003 нэгж талбар (158 га)-аас 82.8 хувь нь Нийслэлийн орон сууцны корпорац ХК-иар хэрэгжүүлэхийг тус бүр дэмжсэн байна.


Энэхүү тооцоо судалгаа дээр үндэслэн гэр хорооллыг дахин төлөвлөж орон сууцжуулах дээрх хуулийн төсөлд:

  • Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх үндэслэлийг тодорхойлж, энэ шийдвэрийг гаргахад иргэдийн оролцоог ханган тухайн төсөл, арга хэмжээний нөлөөлөлд өртөж байгаа газар өмчлөгч, газар эзэмших эрхтэй этгээд, улсын бүртгэлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч иргэн, хуулийн этгээдийн 65-аас доошгүй хувийн дэмжлэгийг авсан байх;
  • Гэр хорооллыг орон сууцжуулах байршил, төрөөс үзүүлэх дэмжлэг, санхүүжилт, хэрэгжүүлэх байгууллагын чиг үүргийг тусгасан;
  • Хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан байршилд заасан гэр хорооллыг нэн түрүүнд орон сууцжуулах, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжүүлэх, тус үйл ажиллагааг нийслэлийн өмчит гэр хорооллыг орон сууцжуулах байгууллага хэрэгжүүлэхээр тус тус тусгасан байх юм.

Энэ хууль батлагдсанаар доорх үр дүн гарна гэж үзжээ. Тухайлбал:

  • Соёл, боловсрол, спорт, худалдаа үйлчилгээ, орон сууц, нийгмийн болон инженерийн дэд бүтцийн хангамж бүхий дэд төвүүд шинээр бий болно;
  • Нийслэл хотын агаар, хөрс, орчны бохирдлын голомт болж байгаа гэр хорооллын бүс болох Сэлбэ, Баянхошуу дэд төвийг орон сууцжуулах төслийг тэргүүн элжинд эхлүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлж, 25,295 ажлын байр шинээр бий болж, дотоодын нийт бүтээгдэхүүн 2.5 их наяд төгрөгөөр нэмэгдэнэ;
  • Хүн амын орлогод нийцсэн, ногоон хөгжлийн загварт тохирсон орон сууц нийлүүлэлтийг хувийн хэвшлийн оролцоотойгоор нэмэгдүүлж, 19 мянга 500 орон сууц шинээр баригдаж, 68 мянга 250 хүн ая тухтай амьдрах орчин нөхцөл бүрдэнэ;
  • Зайлшгүй орон байраар хангагдах шаардлагатай зорилтот бүлгийн иргэдийг түр орон сууцаар хангадаг тогтолцоог нэвтрүүлнэ;
  • Сэлбэ, Баянхошуу дэд төвүүд бий болсноор агаарын бохирдол 22 хувиар, авто замын түгжрэл 36.3 хувиар буурах урьдчилсан тооцоололтой байна.

Нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүд

Хуулийн төслийн хүрээнд доорх хуулиудад  нэмэлт өөрчлөлт орох юм байна.

  • Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль
  • Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль
  • Автотээврийн тухай хууль,
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль,
  • Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай,
  • Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Нийслэл хотын албан татварын тухай хууль,
  • Хот байгуулалтын тухай хууль,
  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль,
  • Зөвшөөрлийн тухай хууль,
  • Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль,
  • Төрийн албаны тухай хууль,
  • Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль,
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль,
  • Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль,
  • Төсвийн тухай хууль,
  • Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай  хууль,
  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль,
  • Хувь хүний орлогын албан татварын тухай хууль,
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль
  • Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль,
  • Газрын тухай хууль,
  • Барилгын тухай хууль,
  • Авто замын тухай хууль,

Мөн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус боловсруулжээ. Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн УИХ-аас тогтоосон хууль тогтоомжийн хүрээнд нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр тулгамдаж байгаа асуудлыг хэрэгжүүлэх боломжтой гэж нийслэлийн шинэ удирдлага үзэж байна.

Холбоотой мэдээ