Монгол Улсын эдийн засаг 2024 онд 7 хувиар өснө

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2023-11-17 10:22:50

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол Улсын 2024 оны төсвийг орлого 25 их наяд төгрөг, зарлага 27 их наяд төгрөг байхаар УИХ-аар баталжээ.


УИХ-ын Улсын төсвийн тэнцлийг сайжруулж, алдагдлыг багасгах үүрэгтэй. Энэ үүргийнхээ хүрээнд Төсвийн ажлын хэсэг төсвийн орлогыг 590 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Нэмэгдсэн орлогоороо төсвийн тэнцлийг сайжруулжээ. Мөн төсвийн алдагдал ДНБ-ийг хасах 2.8 хувьтай тэнцэж ирснийг хасах 2 хувь орчим болгожээ. Түүнийг тоон дүнгээр авч үзвэл 2 их наяд төгрөгийн алдагдалтай байсныг 1.5 их наяд төгрөг болгосон байх жишээтэй. Төсвийн алдагдлыг энэ хэмжээнд бууруулахын тулд төсөв ерөнхийлөн захирагчдын багцаас 1.88 хувиар жигд хасаж, төсвийн зарлагыг 320 орчим тэрбум төгрөгөөр бууруулжээ.


УИХ-ын баталсан улсын төсвийн зарцуулалтыг доорх  байдлаар багцалж болно. Тодруулбал:

  • Экспортыг нэмэгдүүлэх;
  • Хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалтуудыг хийх;
  • Хөдөөгийн сэргэлтийг дэмжих;
  • Иргэдийн бодит орлогыг хамгаалах;
  • Эдийн засаг тэлэхэд төсөв чиглэнэ гэж тодорхойлжээ.

Сангийн яам аудитын дүгнэлт гаргасан объектуудыг есдүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгож төсөв өргөн барьжээ. Амьдрал баян болохоор түүнээс хойш төсвийн хөрөнгө оруулалт шаардлагатай аудитын дүгнэлттэй 110 орчим барилга орж иржээ. Ингэснээр төсвийн 2024 оны хөрөнгө оруулалт тодорхой хэмжээнд нэмэгдсэн аж.


Улсын төсвийн хөрөнгө оруулалт 5 их наяд төгрөг байна. Түүний 20 хувийг шинэ төсөл арга хэмжээг санхүүжүүлэхээр болжээ. Нийгмийн салбар тус бүрд нийт 35-173 төсөл арга хэмжээг төсвийн хөрөнгө оруулалтаар хийхээр болсон аж. Тухайлбал:

  • Зам тээврийн салбар 1.5 их наяд төгрөгийн 80 төсөл арга хэмжээ,
  • Боловсрол шинжлэх ухааны яам 977 тэр бум 173 төсөл арга хэмжээ,
  • Барилга хот байгуулалтын яам 423.9 тэрбум 59 төсөл арга хэмжээ,
  • Эрчим хүчний яам 202,4 тэрбум 35 төсөл арга хэмжээ,
  • Эрүүл мэндийн салбарт 398.4 тэрбум 78 төсөл арга хэмжээ,
  • Соёлын яам153 тэрбум 44 төсөл арга хэмжээ тус бүр хэрэгжинэ.

Нийгмийн хамгааллын чиглэлд ахмадуудын тэтгэврийн нэмэгдлийг шийдвэрлэсэн байх юм. Тэтгэврийг ирэх оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс 10 хувиар нэмэгдүүлэхээр тооцон Засгийн газар оруулж иржээ. Түүнийг “бага тэтгэвэр авагчид инфляцад хамгийн их өртдөг” гэж үзсэн тул  жигд буюу хүн тус бүр дээр 100 мянган төгрөгөөр нэмэх нь зүйтэй гэж үзжээ. Тэтгэврийн эх үүсвэрт шаардлагатай 140 тэрбум төгрөгийг улсын төсөв батлахдаа УИХ шийдвэрлэсэн байна. Мөн төрийн албан хаагчдын цалинг дөрөвдүгээр сарын 1-нээс 10 хувиар нэмэхээр төсөвт суулгажээ.


Монгол Улсын 2024 оны төсөвт цалин, тэтгэврийн нэмэгдлийг бүтэн жилээр нь баталгаажуулж баталсан гэж Сангийн сайд Б.Жавхлан онцолжээ.


Монгол Улсын эдийн засаг 2024 онд 7 хувиар өснө. Инфляц 8.5 болж буурна. Дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ 74 их наяд төгрөг болох, нэгдсэн төсвийн орлого 27.2 их наяд төгрөг байх юм. Улсын төсөв дагасан 21 хууль, 8 тогтоолыг баталжээ. Харин 2024 онд:

  • Нүүрс 60 сая тн
  • Зэсийн баяжмал1.500 мянган тн
  • Төмрийн хүдэр 8,400 мянган тн
  • Газрын тос 4,850 мянган тн
  • Алт 20 тн тус тус экспортолно хэмээн төлөвлөж байна.
Холбоотой мэдээ