Тэнгэр баганадсан барилга Нью-Йоркийнх

ТОЙМ
b.tuul@montsame.gov.mn
2023-11-28 17:09:02

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Хаванагаас хөөрсөн онгоц гурван цагийн дараа Нью-Йоркод газардахад ойртов.


Онгоцны цонхоор өнгийн харваас зүсэр борооны хөхөмдөг манан дундах гол усан шаглаастай хот тэртээ доор үзэгдэнэ. Цөөвтөрхөн цагийн өмнө гангийн говьд үдэлсэн хангайн хүн шиг аль болох хурц нарнаас зайлсхийж, дал модны сүүдэрт ч болов шургаж орчих шахсан баахан башир хүүхэн явсан сан. Санаа дагаад тэр үү цонхны завсраар сэвэлзүүр салхи сийгэх шиг, намрын амьсгал ч мэдрэгдэх шиг, тэрүүхэн тэндээ барьц алдах шиг, буцаад Куба руу нисмээр ч юм шиг. Зэрэг зэрэг төрөх олон мэдрэмж. Тэдгээрийн аль нэгийг нь онцолж сайхан муухай хэмээн ялгах аргагүй, сайн муу гэж үнэлэх боломжгүй зэрэгцээ мэдрэмжүүд.


Газардах боллоо. Онгоцны дугуй газардах зурвасын тэгш гадаргуутай барьцалдан зууралдахаар онож ядан байгаа бололтой хэд хэдэн удаа овос овосхийн доргисны эцэст тэнгэр огторгуйг эзэгнэгч төмөр хөлөг маань одоо тэгш талаар харайлгах хөнгөн тэрэг болчихов уу гэлтэй цагаан зураас бүхий хатуудуулж шахсан талбайгаар сул гүйдлээр гүйх аж. Манай онгоц ийн хэсэг шогшуулсаар сая нэг юм хэт холын зайнаас гүйн гүйсээр арай хийн барианы цагаан зураасыг давж гишгэсэн даруйдаа тамир нь тасарч, бахардан унах тамирчин лугаа адил уухчин байсан хөдөлгүүр юугаа унтраан нам зогсов. Улаанбаатараас Истанбул хүртэл 10 цаг, Истанбулд үдэлсэн 10 цаг, Истанбулаас Хавана хүртэл 12 цаг ниссэнтэй харьцуулбал Нью-Йорк хүртэлх нислэг зөөлөн гал дээр үдийн цай пур хийлгэхтэй адил санагдав.


Ингээд нэг хөлөө социализмаас бүрэн салгаж авч амжаагүй байтал нөгөө хөлөөрөө капитализм дээр гишгэчихдэг юм байна. Тэр даруйд гэрийн гадаах уяан дээр сорьсон хүлэг морьд шиг хэд гурван онгоцыг хараад юу юугүй гэнэт л тархины орой руу “Өрсөлдөөн” гэх ганцхан үг зурсхийн орж ирэх нь хачирхалтай. Нисэх буудлаас гарч ирвэл их театр хөшгөө нээсэн мэт суурин газрын хөдөлгөөнт ахуй бүчин авав. Ингээд би Нью-Йоркийн нэгээхэн хэсэг болоодохов, нөгөөтэйгүүр Нью-Йорк миний нэг хэсэг болов.


Нисэх буудлаас хотын зүг хурдан унаагаар гүүрэн байгууламжин дээгүүр жирийлгэж явах зуур орон сууцны байшингууд жирэлзэн өнгөрнө. Төдийлөн өнгөлөг бус, үүний оронд төвөдийн сүм хийдийг санагдуулам шороондуу улаан хүрэн өнгөөр өнгөлсөн байшингууд зонхилох ба тэг дөрвөлжин хэлбэртэйн дээр нүсэрдүү харагдана. Хотын төв рүү орсоор байтал нар шингэж, түгжрэл улам нэмэгдэв. Үйлчилгээний газрууд гэрлээ асаасан хэдий ч хотын төв дэх барилгууд түрүүхэн харсан байшингуудтай адил тод бус гадаргуутай болохыг ялгаж харахад амархан байв. Кофе шоп, эмийн сан, хүнсний дэлгүүр, түргэн хоолны газар өөр юу юу ч гэсэн хаяг харагдав даа. Зочид буудлын өрөөндөө тээшээ оруулж тавьчихаад, нэгэнт олдсон жаахан чөлөө заваа бүрэн дүүрэн ашиглахаар Таймс талбай орохоор гадагш гарав.


Хэдийгээр үдэш орой болж буй ч нар мандахтай зэрэгцэн ажил руугаа яваа мэт яаруухан алхах хүмүүс зөрөлдөн өнгөрнө. Манхэттен дүүрэгт жуулчид ч, оршин суугчид нь ч алхахыг нэг их төвөгшөөдөггүй бололтой. Гол зам дээр овор хэмжээ томдуу атлаа тас хар өнгөтэй машинууд ар араасаа сажилна. Ахиж дөхсөн юмгүй, түгжирч зогсоог нь харахаар Улаанбаатартай адил санагдах. Зам зуурт таарах дэлгүүрүүдийн ганц нэгээр шагайвал, бэлэг дурсгалын мухлаг зонхилж байв. Тэдгээрт мэдээж Эрх чөлөөний хөшөөний зураг хөрөгтэй бараа таваар голлох аж.


Таймс талбайд хүрч очвол нүргэлсэн диско клуб рүү орчих шиг санагдав. Эргэн тойрон цахим сурталчилгааны самбарууд, түүний нөлөөний хурц гэрэл, чих дөжрөм дуу чимээ. Тойрог үүсгэн зогсоо хүмүүсийн дунд ганц хоёроороо бүжиж бусдыг хөгжөөх залуус, гэрлэн чимэглэлтэй дээсэнд орж үсрэх охид хөвгүүд. Хосоороо, хэд хэдээрээ гээд хаа сайгүй гэрэл зургаа татуулах жуулчид. Эцээхэн ч урагш алхах боломжгүй хүн зоны бөөгнөрөл. Амсхийх завгүй түжигнэх энэхүү талбай өмнө нь Урт акр нэртэй байгаад, Пулитцерийн 132 удаагийн шагналыг хүртсэн “Нью Йорк Таймс” сонины байр нүүж ирснээс хойш одоогийн нэршлээр нэрлэгдэх болсон байна. Уг талбайд анх хөл тавихад гурвалжин, зүсэм бялууны хэлбэртэй адил санагдсан ч эгц дээрээс нь харвал эрвээхэй хэлбэртэй энэхүү талбайд нэг өдөрт дунджаар 360 мянга, нэг жилд 131 сая жуулчин зорьж ирдэг аж. Нийт таван блок дамнасан тэрхүү талбайн нэг талын гудамжаар уруудаж ороод, нөгөө талын гудмаар буцаад гараад ирлээ.


Нью-Йоркийг унтдаггүй хот хэмээн тодотгодог нь энэ мэт өнцгөөс болсон биз ээ хэмээн өнгөцхөн дүгнээд, буудалдаа эргэн ирэв. Өглөө боллоо. Буудлынхаа нэгдүгээр давхар дахь ресторанд хөнгөхөн цайлаад гадагш гарав. Урьд оройны үзсэн хот илбийн юм шиг өөрчлөгдөнө гэж юу ч байх вэ. Гэлээ ч түгжрэл харьцангуй багассан ч юм шиг, улаан гэрлээр дайрлаад байсан явган зорчигчид соёлжчихсон ч юм шиг. Өчигдөртэй харьцуулбал, гадаа илүү дулаарсан байв. Энд тэнд өлгөсөн үүдний хаяг тодорч үзэгдээд, Манхэттентэй бүр ч илүү ойртож танилцвал танилцмаар ч юм шиг оргиод явчихав.


Нью-Йорк хот дэлхийн тэнгэр баганадсан барилгын хөгжилд томоохон түлхэц үзүүлсээр иржээ. Тус хотын түүхэнд хэд хэдэн удаагийн өндөр барилгын давалгаа явагдаж байсан байна. Тэдгээрийн нэгийг зорьж очиж үзлээ. Хадсон Ярд нь биднийг очихоос дөрвөн жилийн өмнө ашиглалтад орсон барилга байв. Тус барилгын 100 дахь давхарт гарахын тулд цахилгаан өргүүр ашиглав. Цахилгаан өргүүрийн хананд хотын ерөнхий зураглалыг харуулсан бичлэг гарав. Хамт яваа улсаас ард зогсоо ганц нэг хүн битүүхэндээ шогширч дуу алдах нь сонсогдоно.


Тийм өндөрт хүрэх гэж тэрхүү өргүүр нэг их ядсангүй, хүнээр бол хэд том алхаад дээр нь гарчихаж байгаа юм. Задгай ажиглалтын тавцан дээр гарч ирэхэд, Нью-Йоркийг өндрөөс харах гэсэн олон хүн тэнд цугларчээ. Тэрхүү ажиглалтын тавцангийн хошуулдсан буланд гурвалжин хэлбэртэй шилэн шал байна аа. Хөгшин залуу хүн бүр өнөөх шилэн шалан дээр ээлж дараагаар гарч зургаа авахуулахаар нь олны жишгийг дагав. Зүрх муутай, өндрийн айдастай хүн бол тэр шалан дээр гарч зогсох нь битгий хэл, гарч зогсож байна гэж төсөөлөхөд ч жийрхмээр эд байж билээ.


Нэг үе АНУ-ын нийслэл гэгдэж байсан Нью-Йорк хот өдгөө дэлхийн худалдаа, санхүү, аялал жуулчлал, соёл урлаг, зугаа цэнгээний гээд юм юмны зангилаа газар юм. Түүнчлэн олон улсын харилцаанд чухал байр суурь эзэлсээр иржээ. Учир нь, НҮБ-ын төв энэ хотод байрлах ба жил бүрийн намар улс орнуудын төрийн тэргүүн нар хуран цугларч, дэлхийн анхаарлын төв дэх асуудлаар байр сууриа илэрхийлдэг. Монгол Улс НҮБ-д элсэх асуудал удаа дараа хойшлогдсоор, энэ их айлын өндөр босгыг 1961 онд алхан орсон байдаг. Тэр цагаас хойш нэгэнт 62 жил өнгөрсөн ч манай улс НҮБ-ын үйл хэрэгт идэвхтэй оролцсон хэвээр байна.


Тус байгууллагын төв байрны цэцэрлэгт хүрээлэнд Монгол Улсын нэрийг дуурсгаж байдаг бүтээл нэгээр нэмэгдсэнийг нүдээр үзэв. Монголын Урчуудын эвлэлийн шагналт, уран барималч Аюурзанын Очирболдын “Ухамсар” хэмээх уг бүтээлийг 2017 оны аравдугаар сарын 13-нд гадна талбайд байршуулсан байна. Тус бүтээлийн ард тал дахь зүлгэн дээр тусгайлан байршуулсан хавтан дээр 2017 онд Монгол Улсаас бэлэглэсэн хэмээн бичиж мөнхөлжээ. Гангаар хийсэн, зэвэрч өнгөө алддаггүй уг хөшөө нь НҮБ-ын үзэл санааг илэрхийлэхүйц бүтээл хэмээн үнэлэгдсэнээр тийнхүү тэнд өөрийн байр суудлыг олсон байна.


Аялал гэдэг хэмжээ хязгаартай юм болохоор тоотой хэдэн хоногууд маань харвасан сум шиг өнгөрч, гэрийн зүг хөдлөх болов. Одоо надад Нью-Йоркоос Истанбул хүрэх 9 цаг, Истанбулаас Улаанбаатарт буух 9 цаг үлдсэн байв. Гэрийн зүг яваа юм болохоор нэг дугхийх төдийд харьсан байх биз ээ.  

Холбоотой тэмдэглэл унших бол https://montsame.mn/mn/read/329117?fbclid=IwAR04r2kxmAB14Yb9sR5qlLzFONaHYukAB1ErfsuSRM9tGt4kY7g-88B45lM линкээр орж унших боломжтой.

Холбоотой мэдээ