Г.Мягмарсамбуу: Баргууд Монгол Улсад нэгдэхийн төлөө 20 дугаар зуунд 4 удаа нүүдэл хийсэн онцлогтой

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2023-12-12 14:24:39

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн тэргүүлэх зэргийн ажилтан, доктор профессор Г.Мягмарсамбуутай уулзаж Барга угсаатны талаар ярилцлаа.                   

                          Барга бол эртний Монгол овгуудын нэг


-Монголчуудын дунд ястан гэдэг нэр томьёо яаж гарч ирсэн байна. Түүнийг тодорхойлоод Барга ястны талаар яриагаа эхлэх үү?

-Монголчууд ялангуяа 1930-аад оноос эхлээд халхаас бусад улсын хил, хязгаарт амьдардаг, хүн амын тоо цөөн угсаатны бүлгүүдийг “бага ястан”, “ястан” гэж нэрлэх болсон. Нэг ёсондоо жаахан үзэл сурталжсан маягтай үг хэллэг. Гэхдээ “бага ястан”-ыг бичиг үсэгт сургах, амьдрал ахуйг нь дээшлүүлэх талаар тухайн үеийн нам засаг, ялангуяа “зүүнтэн”-ий үед ийм бодлого зорилт дэвшүүлж байсан байдаг. Тэр үеэс дээрх үг, үг хэллэгийг хэрэглэх болсон байгаа юм. Энэ үгийг 1990 он хүртэл хэрэглэсэн гэж хэлж болно.  


Монгол гэдэг нэг үндэстэн дотроо Буриад, Дөрвөд, Халх гээд өөр өөр угсаатны бүлгүүдтэй. Тэднийг одоо “ястан” гэхгүй, угсаатны бүлэг гэж ярина. Монголын угсаатны олон бүлгийн нэг нь Барга. Эртний хятадын 7-8 зууны сурвалж бичигт Байгуу гэдэг байдлаар тэмдэглэж байжээ гэж судлаачид үздэг. Тэнд гарч байгаа Байгуу гэдэг аймаг нь өнөөдрийн Барга юм гэж тайлбарлаж байгаа. Барга бол эртний Монгол овгуудын нэг.  Тэгээд 13 дугаар зуунаас эхлээд түүх нь тод томруун бичигдэх болсон.


Манжийн хааны зарлигаар 1723, 1724 оны үеэс Баргуудыг үндсэнд нь Хөлөнбуйрт төвлөрүүлсэн, энэ нутаг одоогийн БНХАУ-ын зүүн хойд хэсэгт байна. Түүнээс хойш Хөлөнбуйрын Баргууд гэж нэрлэжээ. Гэхдээ Мүгдэн хавь /БНХАУ-ын нутаг/-д амьдарч байсан баргуудыг 1723 онд Хөлөнбуйрт төвлөрүүлж Хуучин Барга гэж нэрлэсэн байна. Халхын Цэцэн хан аймгийн нутагт нутаглаж байсан Баргуудыг цааш нь аваачиж нэгтгэхдээ Шинэ Барга гэж нэрлэх болсон. Барга угсаатныг шинэ, хуучин гэж тэмдэглэх болсон нь ийм учиртай.


-Манжийн үед Халхын гэж нэрлэж байсан бүс нутгийг тодруулах уу?

-Монгол Улсын одоогийн нутаг дэвсгэр Манжийн үеийн Халхын нутаг л даа. Гэхдээ Халхын нутагт Баргууд цөөн тоотой байсаар байсан. Одоогийн Булган аймгийн Могод сум, Завхан аймагт Баргууд байсан, тэдний үр удам одоо хүртэл амьдардаг. Монгол Улс 20 дугаар зуунд 1911 онд тусгаар тогтнолоо сэргээснээс эхлээд Хөлөнбуйрын Баргууд удаа дараа нүүдэллэн ирсэн. Тэдний үр сад Монгол Улсад амьдарч байна.

 

-Хөлөнбуйрын Баргууд удаа  дараа нүүдэллэн ирлээ гэж байна. Тэр нүүдлүүдийн талаар тодорхой мэдээлэл өгөх үү?

-Хөлөнбуйрын Баргуудын төлөөлөл болж Манлайбаатар Дамдинсүрэн 7 хүний бүрэлдэхүүнтэй 1911 оны Үндэсний эрх чөлөөгөө сэргээн тунхагласны дараа анх удаа Нийслэл Хүрээнд ирсэн байдаг. Монгол Улсад нэгдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бичиг авч ирсэн. Манлайбаатар Дамдинсүрэнг дагалдаж нэг хэсэг цэрэг эрс 1912 оноос Нийслэл Хүрээнд ирж цэргийн алба хаасан байна.


Хиагтын 3 улсын гэрээгээр Хөлөнбуйр БНХАУ-ын бүрэлдэхүүнд орсон. Энэ үед Манлайбаатар Дамдинсүрэн Монгол Улсад байж  төрийн төлөө хүчин зүтгэнэ гэдгээ илэрхийлж нутагт буцаагүй. Энэ хүрээнд түүний гэр бүл, цэргүүд, дагаж ирсэн айл өрхүүд гээд хэсэг хүмүүст Богд хааны зарлигаар нутаг олгож тусгай хошуу байгуулж Цэцэн хан аймагт захируулсан, тэдний үр сад одоогийн Дорнод аймгийн Гурванзагал суманд байна.


Хөлөнбуйрыг Харчины цэргүүд эзэлж, дээрэм тонуул хийж, дайн самуунтай маш тогтворгүй болсон 1919 онд хэсэг Баргууд Монгол Улсад ирж Богд хааны шавь болох хүсэлт гаргасан, түүнийг хүлээн авч тусгай газар нутаг зааж өгч харьяат болгожээ. Тэднийг түүхэнд Авдарбаянгын Баргууд гэж нэрлэдэг.


Баргад 1928 онд Бэрсээ нарын удирдсан хувьсгалт хөдөлгөөн, зэвсэгт тэмцлийн явцад нэг хэсэг Баргууд нүүдэллэж Монгол Улсад ирсэн байна. Тэднийг Манлайбаатарын хошуу, Цэцэн хан аймагт хуваан байршуулжээ. Мөн 1945 оны Чөлөөлөх дайны дараа нэг хэсэг Баргууд нүүдэллэн иржээ. Тэд одоогийн Дорнод аймгийн Хөлөнбуйр сумыг байгуулсан, одоо тэр нэртэйгээ, тэр нутагтаа байж байна.


-Манж Го улс гэж байгуулсан явдал байдаг. Баргууд ямар байдлаар тэнд оролцсон байна. Ер нь энэ үйл явдалд тэдний оролцоо бий юу?

-Японы Квантуны арми 1932 онд зүүн хойд Хятадыг эзэлж Манж Го улсыг байгуулсан шүү дээ. Тэгэхээр тэр улсын бүс нутагт Хөлөнбуйр нэг муж болж багтсан явдал бий. Ийм учраас Барга эрс Манж Го улсын цэрэгт алба хааж, цөөн тоотой Барга эрчүүд 1939 оны Халх голын дайнд оролцсон байдаг. Харин 1945 оны Чөлөөлөх дайнд  Баргууд оролцсон явдал байхгүй.

                                                     

                                                               Баян Баргууд 


-Монголын эртний Байгууд аймаг одоогийн Барга угсаатны хооронд дахь хэлхээ холбооны талаар та тодорхой яриад өгөөч...

-Энэ чинь одоо түүх угсаатны хувьд  нэг нь, нөгөөдөө уламжлагдаад өнөөдрийг хүрсэн үйл явдал шүү дээ. Харин одоогийн баргууд хэл яриа, ахуй амьдрал, соёлын хувьд эртний Монгол аймгуудынхаасаа өөр болсон байгаа. Тэдний хооронд ийм ялгаа бол бий.Түүнээс биш өөр үндэстэн, угсаатан болоод хоорондоо ялгараад өөрчлөгдсөн зүйл байхгүй.


-Монгол Улсад Дорнод аймгийн Хөлөнбуйр, Гурванзагал сумаас өөр бусад аймаг, сумын нутагт хаана хаана хэдэн тооны Барга угсаатан, тэдний үр удам амьдарч байна вэ?

-Барга угсаатны амьдарч байгаа гол цөм нь Хөлөнбуйр сум л даа. Гурванзагал суманд Баргуудаас гадна, Халх, Буриад угсаатнууд олноороо оршин сууж байгаа. Баргууд нь цөөрчихсөн, байгаа нь хэл аялгуу, ахуй соёлын хувьд нэлээд халхажсан байгаа шүү дээ. Төв аймгийн Авдарбаянгийн Баргууд ялгаагүй иймэрхүү дээ. Улаанбаатар хотод бас Баргууд амьдарч байна. Орон нутагт бусад аймгуудад цөөхөн цөөхөн байгаа. Булган, Завхан аймагт өөрийгөө Барга гэж үздэг цөөн тооны хүмүүс бий гэж би дээр хэлсэн дээ. Гэхдээ тэд уламжлал, ёс заншил, үг хэллэг, аман зохиол тэр юм аа мартаад халхажсан улсууд болсон байгаа.


-Баргуудын түүх хэр зэрэг судлагдсан юм бэ?

-Түүхийн хувьд харьцангуй судлагдсан шүү. БНХАУ, Хөлөнбуйрт олон тооны ном хэвлэгдэн гарсан. Манайхны мэддэг хүмүүс нь тэр ном судалгааны бүтээлийг уншдаг нь уншиж байгаа. Тэнд гарсан номуудаас манайд ороод ирсэн хүмүүсийн гар дээр маш их байдаг.


Монгол Улсын хувьд Ж.Өлзий гэж өөрөө Хөлөнбуйраас ирсэн Барга эрдэмтэн байна. Энэ эрдэмтэн Барга-Монголын түүх гээд ном бичсэн, энэ сэдвээрээ докторын зэрэг хамгаалсан. Монгол Улс болон БНХАУ-ын Хөлөнбуйрт сүүлийн жилүүдэд Баргын түүх, угсаатны зүйн чиглэлээр олон тооны эрдэм шинжилгээний хурал болж, судлаачид илтгэлээ хэлэлцүүлж байна.


Баргын түүх, угсаатны зүйн чиглэлээр миний хувьд 2000 оноос эхлэн судалж 3 боть ном гаргасан. Түүний эхний боть нь Баргын улс төрийн түүх, энд 7-8 зуунаас эхлээд бүгд багтана. Баргын угсаатны зүйн талаар шашин шүтлэг, хэл соёл, аман аялгуу, хувцас хунар, өвөрмөц зан үйл, тоглоом наадгай бүгдийг бичиж 2 дугаар ботид оруулсан. Манлайбаатар Дамдинсүрэнгийн намтар 3 дугаар ботид орсон байх жишээтэй.


-Халх, Барга угсаатны дээл, хувцас хоорондоо ялгаатай байна биз...

-Монгол үндэстний дээл хувцас ерөнхийдөө хоорондоо ижил төстэй. Гэхдээ угсаатнуудын хувьд хоорондоо жоохон жоохон ялгаа бий. Барга угсаатны дээл хормойгоороо өргөн уужуу, ойр ойрхон урт хаваастай байх жишээтэй. Эмэгтэйчүүдийн зүүсгэл, толгойн гоёл хоорондын ялгааг би номдоо гаргаж бичсэн байгаа.


-Баргуудын мал аж хуй эрхлэн хөтлөх арга ухааны талаар...

-Ер нь их малч, аж ахуйч, одоогоор бол эдийн засгийн сэтгэлгээ сайтай хүмүүс. Хаа газрын Баргууд мал хөрөнгө сайнтай, малынхаа үүлдэр угсааг сайжруулдаг. Монголчууд дотроо мал маллах арга ухаанаараа нэлээд толгой цохидог онцлогтой. Тийм учраас Баян Баргууд гэж нэрлэгджээ.


-Баргуудын тухай ярианы сэдэв сөхөгдөхөд баян хүний тухай олголт гарч ирнэ гэсэн үг үү?

-Тэдний тухай ярихад хүний толгойд эхлээд Баян Барга гэсэн ойлголт гарч ирнэ. Баян Баргууд гэж ярьдаг шүү дээ.


-Авдарбаянд тухайлбал хэчнээн өрхийн хэдэн хүн ирсэн юм бэ?

-Яг хэдэн тооны өрх, хүн ирсэн бэ гэдгийг цээжээр хэлж мэдэхгүй байна. Ер нь Баргуудын Монгол  Улсын тусгаар тогтнолын төлөө гэсэн хүсэл эрмэлзэл, тэмцэл бол их сайн. Монгол үндэстний тусгаар тогтнолын төлөө томоохон хувь нэмэр оруулсан. Тусгаар тогтносон Монгол Улстай нэгдэн нийлэхийн төлөө тэмцэж  байсан, газар нутгаараа нэгдэн нийлж болохгүй бол хэсэг бүлгээрээ Монголоо зориод нүүчихдэг. Ийм том нүүдлийг 20 дугаар зуунд 4 удаа хийснээрээ Баргууд их онцлогтой.


-Баргын улс төрийн түүхийг судаллаа гэж та сая ярилаа. Түүнийг тодорхой болгох уу?

- Баргын наашаа цаашаа нүүсэн суусан талаар би дээр ярьсан шүү дээ. Тэд чинь Баргын улс төр байхгүй юу.

                                   

                         Манлайбаатар Дамдинсүрэн 20 дугаар зууны  Монгол цэргийн том жанжин


-Манлайбаатар Дамдинсүрэн гуайн түүх бол нэлээд судлагдсан байх, тийм ээ. Түүний түүхийн судалгаанд 1990 оноос хойш ямар нэг өөрчлөлт орсон тохиолдол байх уу?

-Манлайбаатар Дамдинсүрэн гуайн түүх бол нэлээд судлагдсан, манай ахмад эрдэмтэн Хэрээд Жамсран гуай нэлээд сайн судалгаа хийсэн. Түүхийн шинжлэх ухааны доктор Жамсран гуайн охин Ж.Урангоо багш болон 1911-1921 оны хооронд дахь Монголын түүхийг судалдаг эрдэмтэд ном бүтээл олныг гаргасан байдаг.


-Дамдинсүрэн гуай хувь хүнийхээ хувьд нэлээд судлагджээ. Харин гэр бүлийнхнийх нь хувьд...

-Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний дараа 1911 онд гэр бүлээ нүүлгээд аваад ирсэн шүү дээ. Өөрөө 1921 онд Нийслэл хүрээнд хятадын шоронд нас барсан. Бүтэд хатан нь түүний дараа 3 хүүтэйгээ хошуу нутагтаа амьдарсан. Тэгээд 1938, 1939 онд Манлайбаатарын 3 хүүг хэлмэгдүүлсэн. Хоёр хүүг нь хуулийн дээд хэмжээ өгч цаазалсан, нэг нь сураггүй алга болсон. 


-Дарханд билүү үр удам нь гэх нэг хүн сүүлд гарч ирсэн тиймээ...

-Тэднийхнээс ганц амьд үлдсэн зээ Ламзав гэж хөгшин Дарханд амьдарч байгаад 2 жилийн өмнө нас барлаа. Ганц нэг өөр хамаатан садангийн хүн Улаанбаатар хотод байсан, одоо би яг хаана байгааг мэдэхгүй, харилцаа холбоо алга даа. Ер нь ойр яг цусан төрлийн хүн байхгүй байх аа.


-Дамдинсүрэн гуайн үйл хэрийн талаар та тодорхой зарим нэг зүйлийг дурдахгүй юу?

-Монгол Улс 1911 онд тусгаар тогтнолоо сэргээж Богд хааныг хаан ширээнд залсны дараахан Манлайбаатар Нийслэл Хүрээнд ирж нас барах хүртлээ Монголын төрд хүчин зүтгэсэн дээ. Монголын Гадаад яамны дэд сайдаар ажилласан хүн. Монгол-Төвөдийн 1912 оны гэрээнд Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж байсан, Хиагтын 1915 оны гэрээнд оролцсон, гадаад харилцаанд өөрийн хувь нэмрээ оруулж ул мөрөө үлдээсэн.


Ховдыг чөлөөлөх байлдаанд Хатанбаатар Магсаржавтай хамт Монгол цэрэг удирдаж 1912 онд ялалт байгуулсан, 1919 онд зүүн хязгаарт цэрэг захиран сууж байсан, манайхан 5 замын дайн гэж нэрлэдэг Өвөрмонголыг чөлөөлөх дайныг удирдан оролцож томоохон ул мөрөө цэргийн түүхэнд үлдээсэн 20 дугаар зууны Монгол цэргийн том жанжин.


Мөн улс орныхоо цэрэг улс төр, эдийн засаг, шашин шүтлэг, мөнгө санхүүг шинэчлэх талаар, 1912, 1913 онд томоохон бодрол бичгүүдийг Богд хаанд өргөн мэдүүлж байсан, ийм шинэчлэгч ардчилсан үзэлтэн гэдгээрээ алдартай.


-Барга угсаатны талаар миний онож танаас асууж чадахгүй үлдээгээд байгаа, таны ярих ёстой өөр ямар зүйл байна. Ярианы энэ хэсэгт гол сэдэв болоод байгаа Манлайбаатар Дамдинсүрэн бол зөвхөн тэдний нэг шүү дээ, тиймээ...

-Монголд орж ирсэн Баргуудаас төрд зүтгэсэн, төр төдийгүй нийгэм, эдийн засаг, соёл боловсролд ажиллаж үнэтэй хувь нэмэр оруулсан хүн их олон бий. Тэр бүхнийг энд ярьж барахгүй. Ганц жишээ хэлэхэд, Монгол Улсын Гавьяат багш МУИС-д олон жил япон хэлний багшаар ажилласан Шаарийбуу гуайг манайхан сайн мэдэх байх. Тэр хүн 1945 онд орж ирсэн Барга угсаатны нэг нь байгаа юм.


Монголд япон судлал, япон хэлний сургалт хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн. Монгол Улсын Гавьяат багш хэмээх эрхэм алдрыг 100 насан дээрээ хүртлээ шүү дээ.


-Шаарийбуу гуай япон хэлийг хаана сурсан хүн байж таарах вэ?

-Монгол Улсад орж ирэхээсээ өмнө нутагт /Хөлөнбуйр/-аа байхдаа цэргийн офицер байсан хүн. Хэдийгээр япончууд харийн түрэмгийлэгчид, бүс нутгийг эзлэн түрэмгийлэгч байсан ч Хөлөнбуйрт тухайн үндэстнийг өөртөө татах үүднээс өөр бодлого явуулж байсан байна. Манж Го улс япон хэлний, монгол хэлний бага сургууль олноор нь байгуулж сайн хөгжүүлсэн юм билээ. Бүр залуучуудыг японд суралцуулж байжээ. Хөлөнбуйрт цэргийн сургууль байгуулж байсан. Тэнд суралцаж байхдаа япон хэл сурсан байна.

Холбоотой мэдээ