Хүн төрөлхтний эрх чөлөөний Харти-75 жил

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2023-12-09 10:55:02

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/.Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг (англ. Universal Declaration of Human Rights) Парис хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 217/А/III/ тоот тогтоолоор баталснаас хойш 75 жил өнгөрч байна.


Энэ өдөр бол хүн төрсөн цагаасаа эхлэн эдлэх ёстой эрх, эрх чөлөөг тунхаглан зарласан түүхэн өдөр мөн. 1950 оноос эхлэн жил бүрийн энэ өдрийг Олон улсын хүний эрхийн өдөр болгон тэмдэглэж ирлээ.


Хүний эрхийн түгээмэл тунхаглал бол НҮБ-ын дүрмийн зорилгыг тусгасан тунхаглал бөгөөд Дэлхийн II дайны өмнө болон дараа дэлхий дахинд газар авсан хүний эрхийн зөрчлийн талаар эргэцүүлэн бодох, хүн бүрийн үндсэн ба салшгүй эрхийг хүндэтгэхийг уриалсан тунхаг бичиг юм. Уг тунхаглал нь хүн бүр эрх чөлөөтэй, адил тэгш эрхтэй байхыг хүн төрөлхтөний язгуур зарчим болгосноороо туйлын ач холбогдолтой баримт бичиг мөн. Дэлхийн II дайны дараа НҮБ байгуулагдсан цагаас эхлэн хүний эрхийг нийтээр хүндэтгэн хамгаалахын тулд тус байгууллагын дүрмийг дэмжих баримт бичиг болгон боловсруулж эхэлсэн ба Тунхаглалын төсөл боловсруулах ажлын хэсгийг АНУ-ын Ерөнхийлөгч Теодор Рузвельтын эхнэр Анна Элеонара Рузвельт ахалж байв.

Тунхаглалын түүхэн гол гурван ач холбогдлыг дурдваас:

-нэгдүгээрт, дарлал мөлжлөг, шударга бус байдлын эсрэг, хүний нэр төрийг хамгаалахын төлөө хүн төрөлхтөний хийсээр ирсэн урт хугацааны тэмцлийн үр дүнг нэгтгэн дүгнэсэн;

-хоёрдугаарт, хүний эрхийг хамгаалах талаарх олон улсын хууль эрхзүйн үндсэн хэм хэмжээг боловсруулах үндсийг тавьсан;

-гуравдугаарт, хүний үндсэн эрхүүдийн хүрээг тэлж, дэлхий нийтэд буй бүх арга хэрэгслийг ашиглан тэдгээр эрхийг хэрэгжүүлэх зорилтыг тодорхойлсон явдал юм.


Тунхаглалыг баталснаар өөр өөр нийгмийн байгуулалтай улс орнууд хүний эрхийг хамгаалах талаар хамтран ажиллах боломж бий гэдгийг тодорхой харуулж чадлаа. Иймээс уг Тунхаглалыг “хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн гайхамшигтай баримт бичиг”, “хүн төрөлхтөний эрх чөлөөний харти” гэж нэрлэдэг бөгөөд ингэж үнэлэгддэг олон улсын эрхзүйн баримт бичиг одоогоор үгүй. 


Тунхаглалын удиртгал бүлэгт уг баримт бичгийг боловсруулан батлахад хүргэсэн түүхэн ба нийгмийн шалтгаануудыг дурджээ.


1-2 зүйлд хүний нэр төр, эрх чөлөө, тэгш эрхийн талаарх үндсэн ойлголтууд

3-5 зүйлд амьдрах эрхийн тухай, боолчлол ба эрүүдэн шүүхийг хориглосон заалтууд

6-11 зүйлд эрх нь зөрчигдсөн тохиолдолд тухайн хүн эрхзүйн хамгаалалтын тодорхой хэрэгслүүдийг ашиглах эрхтэй гэдгийг заасан

12-17 зүйлд чөлөөтэй шилжин суурьших, өмч эзэмших, иргэншлээ тодорхойлох гэх мэтийг эрхүүдийн талаар

18-21 зүйлд үзэл бодлоо илэрхийлэх, шашин шүтэх, эвлэлдэн нэгдэх, мэдээлэл авах, түгээх эрхийн талаар

22-27 зүйлд хувь хүний эдийн засаг, нийгэм, соёлын эрхүүд

28-30 зүйлд эдгээр бүх эрхийг хэрэгжүүлэх нийтлэг арга хэрэгслүүдийг тус тус дурджээ.


Нийт 30 зүйл заалт бүхий Хүний эрхийн түгээмэл тунхаглал бол олон улсын болон бүс нутгийн хэмжээний хүний эрхийн гэрээ, хуулиудын үндэс болсныг дээр дурдсан. Тухайлбал, уг Тунхаглалын зарчмуудад суурилан НҮБ хүний эрхийн талаарх 200 орчим олон улсын түгээмэл эрхзүйн баримт бичгийг баталсны дотор Иргэний ба улс төрийн эрхийн олон улсын пакт, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн олон улсын пакт, бүс нутгийн хүрээнд Хүний эрх ба үндсэн эрх чөлөөг хамгаалах тухай Европын Конвенц /1950 он/, Хүний эрхийн тухай Америкийн Конвенц /1960 он/, Хүний эрх ба ард түмнүүдийн эрхийн тухай Африкийн Харти /1981 он/, Хүний эрхийн тухай Арабын конвенц /1994 он/ зэргийг дурдаж болно.


Иймээс энэхүү Тунхаглал нь хамгийн олон буюу 400 гаруй хэл дээр орчуулагдсан байдаг нь зүйн хэрэг юм.


Хүний эрх гэдэг нь өнөөдөр илүү өргөн цар хүрээг хамарсан ойлголт болжээ.  Тухайлбал, дэлхийг улам бүр даяаршуулж буй интернэт ертөнцөд хүний эрхийг зохицуулах, тунхаглах шаардлага урган гарч байна. Улс орнууд энэ асуудалд анхаарлаа хандуулж, бодлогын баримт бичгүүдийг боловсруулж байна. Интернэтэд нэвтрэх нь хүний үндсэн эрхүүдийн нэг болохыг НҮБ 2011 онд тунхаглажээ. Мөн жирэмслэхээс хамгаалах нь хүний эрхүүдийн нэг болохыг 2012 онд хүлээн зөвшөөрсөн байх жишээтэй. Эмэгтэйчүүд ба хүүхдүүдийн хүчирхийлэл нь дэлхийн хэмжээнд хүний эрхийн тулгамдсан асуудал хэвээр байна. Олон улс оронд гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг гэж үзэхгүй байгаа нь хүний эрхийн зөрчлийг гааруулж байна.


Хүний эрхийн мэдрэмж ба Монголын парламент


Манай улс 1961 онд НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэн цагаас хойш тус байгууллагын хүний эрхийн суурь конвенцуудад нэгдэж,  Монгол Улсын дотоодын бүх хууль тогтоомжийг  хүний эрхийг хангах, хамгаалахад нийцүүлэн баталсан юм. Тодруулбал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактад 1974 онд нэгдэн орсноос хойш хүний эрхийн талаарх 40 гаруй олон улсын гэрээ, конвенц, тэдгээрийн нэмэлт протоколд нэгдэн орж, соёрхон баталсан байна.


1992 оны ардчилсан Үндсэн хуульд хүний эрхийг дээдлэх, өмчлөх эрхийг зөвшөөрөх, хүн бүр чөлөөт сонголт хийх эрхийг нээх зэргээр иргэний болон улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын эрхүүдийг баталгаажуулсан билээ. Үндсэн хуулийн 16 дугаар бүлэгт Монгол Улсын иргэний эдлэх үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулсан ба 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан нь олон улсын хүний эрхийн гэрээ, хэлэлцээрийн жишигт нийцэж байна.


Үүнээс хойших 30 гаруй жилийн хугацаанд хүний эрхийн асуудлыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, сайжруулах ажлууд тасралтгүй хийгдсээр ирлээ. Үндсэн хуульд хэд хэдэн удаа өөрчлөлт оруулсан боловч хүний эрхтэй холбоотой заалтыг хэзээ ч өөрчилж байгаагүй. Өөрөөр хэлбэл, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын үнэт зүйлс нь Монголын үндэсний үнэт зүйлс болсныг УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар онцоллоо.

Өнөөдөр Монгол Улс хүний эрхийг хангах, эрх чөлөөг дээдлэх тал дээр олон улсад, тэр дундаа Ази тивд дээгүүрт орж байна.


Ялангуяа хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоонд  тухайн улс орны парламент чухал үүрэгтэй байдаг. Монголын парламент хүний эрхийн чиглэлээр манлайлал үзүүлэн ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр УИХ-ын түүхэнд анх удаа хүний эрхийн хүндэтгэлийн хуралдаан болж байна. Энэ хуралдаан бол Монгол Улс хүний эрхийн тэмцэлд дуу хоолой нэгтэй байгаагаа дэлхий дахинд батлан харуулж буй хэрэг гэдгийг УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг онцлон тэмдэглэлээ.


Монголын парламентын баталж байгаа аливаа хууль нь хүний эрхийн мэдрэмжтэй, нийгмийн аливаа бүлгийг орхигдуулаагүй, аль нэг хэсэгт давуу байдал үүсгээгүй, эрх ашгийг нь зөрчиж  хохироохгүй шийдвэр байх ёстой гэдгийг тэрбээр онцоллоо.


УИХ-ын Тамгын газар 2023 онд хууль тогтоомжуудын  хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээний аргачлалыг баталсан бөгөөд ирэх оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, цаашид Улсын Их Хуралд өргөн барьсан бүх хуулийн төсөл, тэндээс батлан гарах тогтоол, баримт бичгүүдэд хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж байх юм.


Онцлох өөр нэгэн зүйлийг дурдвал, 2023 оны 11 дүгээр сард Монголын парламент дэлхийд анх удаа “Хүний эрхийн мэдрэмжтэй парламент: өөрийн үнэлгээ”-ний аргачлалыг Олон улсын Парламентын холбоотой хамтран нэвтрүүллээ. Мөн “Жендэрийн мэдрэмжтэй парламентын өөрийн үнэлгээ”-г хийж, олон улсын болон үндэсний шинжээчдийн үнэлэлт дүгнэлт, саналыг авлаа. 


Одоогийн парламентын үед гаргасан өөр нэгэн чухал шийдвэр бол Хүний эрхийн Үндэсний Комиссын /ХЭҮК/ тухай хуулийн төслийг 19 жилийн дараа шинэчлэн баталсан явдал юм. Монгол Улсад хүний эрхийг хамгаалах үндэсний хараат бус байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бий болгох үүднээс ХЭҮК-ын тухай хуулийг Улсын Их Хурал 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдөр баталсан бөгөөд 2002, 2003, 2011, 2015 онд нийт 5 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.


ХЭҮК-ыг манай улс Парисын зарчмын дагуу байгуулсан нь олон улсад өндөр үнэлэгддэг. 2020 онд ХЭҮК-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, Комиссын гишүүдийг улс төрөөс хараат бус, мэргэшсэн байдлаар бүрдүүлэх, нийтийн нээлттэй сонсголоор томилгоог явуулах, Комиссын гишүүний зөвлөмж, шаардлагыг заавал биелүүлэх тухай заалтуудыг оруулсан нь зарчмын ач холбогдолтой шийдвэр мөн. 

Холбоотой мэдээ