Төсөвт байгууллагад ажиллагсдын сарын дундаж цалин 1752100 төгрөг байна

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2023-12-25 19:44:49

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2023 оны 3 дугаар улирлын байдлаар нийт 50.4 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 768.0 мянган ажиллагч хамрагдсан байна.


Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлсөн ААНБ-ын тоо 2022 оны мөн үеэс 1.8 мянгаар өсжээ гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ.                                

                                                НДШ ТӨЛӨЛТИЙН ТАЙЛАНД ХАМРАГДСАН ДААТГУУЛАГЧИД,

                         (Эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангиллаар, жил бүрийн 3 дугаар улирлын байдлаар)

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан нийт даатгуулагчийн:

  • 114.2 мянга нь боловсролын салбарын,
  • 77.2 мянга нь төрийн удирдлага, батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын салбарын,
  • 52.8 мянга нь барилгын салбарын,
  • 50.8 мянга нь тээвэр, агуулахын үйл ажиллагааны салбарын,
  • 47.4 мянга нь хүний эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарын,
  • 45.3 мянга нь уул, уурхай олборлолтын салбарын,
  • 29.3 мянга нь санхүүгийн болон даатгалын үйл ажиллагааны салбарын, 28.9 мянга нь удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа,
  • 132.3 мянга нь бусад салбарын ажиллагчид байна

                                           ААНБ-ЫН АЖИЛЛАГЧДЫН САРЫН ДУНДАЖ ЦАЛИН БОЛОН МЕДИАН ЦАЛИН

                                                                          (улирлаар, мянган төгрөгөөр)

Дундаж цалинг хүйсээр авч үзвэл, 2023 оны 3 дугаар улирлын байдлаар:

  • эрэгтэйчүүдийнх 2.3 сая,
  • эмэгтэйчүүдийнх 1.7сая төгрөг байна.

ААНБ-д ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалингийн индекс 2023 оны 3 дугаар улиралд 2015 оноос 2.5 дахин нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалингийн индекс 44.0 хувиар нэмэгджээ

                                 

                                               БОДИТ ЦАЛИНГИЙН ИНДЕКС (2015=100) (улирлаар, хувиар)

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд:

  • олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарт ажиллагчдын цалин хамгийн их буюу 5.1 сая төгрөг аж.
  • зочид буудал, байр, сууц нийтийн хоолны үйлчилгээний салбарт ажиллагчдын цалин хамгийн бага буюу 1.3 сая төгрөг байна.

                                                     АЖИЛЛАГЧДЫН САРЫН ДУНДАЖ ЦАЛИН (салбараар, мянган төгрөгөөр)


Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан нийт даатгуулагчийг тэдний цалин, орлогын бүлгээр дараах бүлгүүдэд хувааж, 2023 оны 3 дугаар улирлын дүнг 2022 оны мөн үетэй харьцуулахад:

  • бага цалинтай даатгуулагчийн эзлэх хувь буурсан байна.Харин:
  •  1.5 сая төгрөгөөс дээш цалинтай даатгуулагчийн эзлэх хувь нэлээд өсжээ.

Нийт даатгуулагчийн дотор 2.0-3.0 сая төгрөгийн цалинтай даатгуулагчийн эзлэх хувь хамгийн их буюу 19.3 хувьтай гарсан байна


                                          АЖИЛЛАГЧДЫН САРЫН ДУНДАЖ ЦАЛИН (бүсээр, мянган төгрөгөөр)

2023 оны 3 дугаар улирлын байдлаар ажиллагчдын сарын дундаж цалинг бүсээр авч үзэхэд Улаанбаатар хотод 2.1 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 120.0 мянган төгрөгөөр их байхад бусад бүсэд улсын дунджаас 106.8-541.4 мянган төгрөгөөр доогуур байна

                           

                                      АЖИЛЛАГЧДЫН САРЫН ДУНДАЖ ЦАЛИН БОЛОН АЖИЛЛАГЧДЫН ДҮНД ЭЗЛЭХ ХУВЬ

                                       (байгууллагын хариуцлагын хэлбэрээр, 2023 оны 3 дугаар улирлын байдлаар, мянган төгрөгөөр)

Байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзэхэд:

  • хоршоо, хязгаарлагдмал хариуцлагатай компанид ажиллагчдын сарын дундаж цалин 2.1 сая төгрөг,
  • хувьцаат компанид ажиллагчдын сарын дундаж цалин 2.3 сая төгрөг,
  • төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллагчдын сарын дундаж цалин 2.4 сая төгрөг байна. 

Энэ нь улсын дунджаас 53.3-368.1 мянган төгрөгөөр их ажээ. Харин бусад байгууллагад ажиллагчдын сарын дундаж цалин улсын дунджаас 217.8-592.8 мянган төгрөгөөр бага байна.


Төсөвт байгууллагад ажиллагчдын сарын дундаж цалин 1752.1 мянган төгрөг болж, 2022 оны мөн үеэс 500.4 мянган төгрөгөөр нэмэгджээ.                                     

                                             ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ АЖИЛЛАГЧДЫН ДУНДАЖ ЦАЛИНГИЙН ЗӨРҮҮ

                                                             (байгууллагын хариуцлагын хэлбэрээр,эрэгтэйчүүдийн цалинд эзлэх хувиар)


Эрэгтэй, эмэгтэй ажиллагчдын улсын дундаж цалингийн зөрүү 2021 оноос хойш тогтмол өссөн байна. Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2023 оны 3 дугаар улирлын байдлаар зэвсэгт хүчний ажил, мэргэжилтэй хүмүүсийн сарын дундаж цалин:

  • хамгийн их буюу 2.6 сая төгрөг,
  • хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 1.2 сая төгрөг буюу хамгийн бага байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2023 оны 3 дугаар улирлын тайланд хамрагдсан 768.0 мянган ажиллагчдын сарын медиан цалин 1556.4 мянган төгрөг байна. Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2023 оны 3 дугаар улирлын байдлаар 2009.3 мянган төгрөг болжээ. Энэ нь 2022 оны мөн үеэс 436.1 мянган төгрөгөөр нэмэгджээ.

Холбоотой мэдээ