СҮХБААТАР: Ё.Төгсмандах: Малаа бэлчээрээр нь таваарлаг байдлаар өсгөхийг илүүд үздэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-02-05 21:43:03

Баруун-Урт 2024 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Онгон сумын 3 дугаар багийн малчин Ё.Төгсмандах гэргий С.Даваагийн хамтаар Монгол Улсын хошой аварга малчны шагналаа ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунаас хотондоо гардан авлаа. Тэрбээр Онгон сумын анхны хошой аварга малчин болж буйгаараа онцлог.


 

Модон луу жилийн босгон дээр Монгол Улсын хэмжээнд 187 малчин улсын аваргаар шалгарсан. Тэдний төлөөлөл болгож Сүхбаатар аймгийн зарим малчинд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайд ирж шагналыг нь гардуулж байна. Улсын аварга малчдыг шалгаруулахдаа зөвхөн олон малтайг нь бус нийгмийн хариуцлагын оролцооны, залуу малчид бэлтгэх чиглэлээр туслах малчин ажиллуулж буй байдал, татвар төлөлт гээд олон шалгуур үзүүлэлтээр аварга малчнаа шалгаруудаг. Энэ бүх шалгуурыг хангасан малчин бол Ё.Төгсмандахын гэр бүл юм. Сүхбаатар аймгийн малчдад анх удаа шагнал гардуулж байна. Үнэхээр сайхан нутаг, ажилсаг ард түмэн юм хэмээн ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун хэллээ.

 

 

Ё:Төгсмандах цэргийн албанаас халагдаж ирээд гэр бүл болж, 100 толгой малтай тусдаа гарч байсан тэд өдгөө 29 дэх жилдээ МАА-н салбарт ажиллаж байна. Ё.Төгсмандахын гэр бүл 2019 онд Улсын аварга малчнаар шалгарч байсан бөгөөд таван жилийн дараа ийнхүү амжилтаа ахиулжээ.

 

Төрөлх нутгийнхаа түүхт ойн өмнө анхны хошой аварга малчин гэх хүндэтгэлийг хүлээсэндээ, энэхүү шагналаа салбарын сайдаас гардаж авсандаа маш их баяртай байна. Энэ бол малчин хүн бүрд тохиохгүй үйл явдал. Тиймээс манай гэр бүлийн хувьд түүхэн өдөр тохиож байна. Аав, ээжээс өвлөн ирсэн мал сүргээ өсгөн үржүүлж, үр шимийг нь хүртсээр өнөөдрийн энэ шагналыг авлаа. Малчин хүн малдаа чин сэтгэлээсээ ханддаг, хайрладаг, бусадтайгаа арга туршлагаа хуваалцдаг байх хэрэгтэй гэж боддог. Миний хувьд малаа бэлчээрээр нь таваарлаг байдлаар өсгөж, үржүүлэхийг илүүд үздэг. Мөн бэлчээр нутгаа сэлгэдэг, амраадаг байх нь чухал. Нөгөө талаар мал маллана гэдэг нэг хүний биш, гэр бүлийн бүх гишүүнд хамаатай байдаг учир ханьдаа, аав, ээждээ, үр хүүхдүүдэдээ, нутаг усныхандаа бүгдэд нь баярлалаа гэж хэлмээр байна хэмээн Ё.Төгсмандах сэтгэгдлээ хуваалцлаа.


 

Улс эх орныхоо эдийн засгийн үндэс болсон эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, таваарлаг чанарыг дээшлүүлэн, ашиг шимийг нь нэмэгдүүлэх талаар төрийн бодлогыг дэмжин хэрэгжүүлэхэд манлайлан ажиллаж, мал маллах арга барил, малч ухаанаа залуу малчдадаа харамгүй зааж сургаж ирсэн хөдөлмөр зүтгэлээ ийнхүү төрдөө үнэлүүллээ.

 

Хошой аварга малчдад аймгийн Засаг дарга болон ИТХ-ын даргын хүндэтгэлийг ХХААГ-ын дарга Т.Ган-Очир гардуулсан юм. Энэ жил тус аймгаас улсын аварга малчин найм, улсын хошой аварга малчин хоёр тодорсон билээ.

 

Холбоотой мэдээ