С.Батхүү: Иргэд амар хялбар аргаар ашиг олох гэсэн үйлдлээсээ болж цахим залиланд өртөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-02-08 14:51:34

Баруун-Урт, 2024 оны хоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн хэмжээнд гэмт хэргийн тэр дундаа залилангийн гэмт хэргийн нөхцөл байдал ямар байгааг Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад С.Батхүүгээс тодрууллаа. Учир нь баяр ёслолын үеэр цахим залиланд иргэд өртөх нэмэгддэг.


-Гэмт хэргийн нөхцөл байдал, тэр дундаа залилангийн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө үү?

-Сүхбаатар аймгийн хэмжээнд гэмт хэргийн нөхцөл байдал урьд жилүүдтэй харьцуулахад бүртгэгдсэн гэмт хэрэг ижил түвшинд байна. Энэ оны 2 дугаар сарын байдлаар бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 26 хувийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилангийн гэмт хэрэг эзэлж байна. Өөрөөр хэлбэл энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй, иргэд амар хялбар аргаар ашиг олох гэсэн өөрсдийн буруутай үйлдлээс болж хохирогч болж байна.


-Энэ төрлийн гэмт хэргийг ямар хэлбэрээр ихэвчлэн үйлдэж байна вэ?

-Сүүлийн үед иргэд ихэнх цагаа цахим орчинд өнгөрүүлж, бүх л мэдээллийг тэндээс олж авч байна. Энэ нь нэг талдаа аливаа мэдээллийг түргэн шуурхай авах, харилцаа тогтоох, сурч боловсрох, үзэл бодлоо илэрхийлэх, цаг хэмнэх гэх мэт маш олон давуу талтай ч үүнийгээ даган сөрөг үзэгдлүүд гарсаар байна. Гэмт этгээдүүд цахим орчныг гэмт хэрэг үйлдэх арга, хэрэгслээ болгон ашиглаж, иргэдийг хуурч мэхлэх, төөрөгдөлд оруулах замаар энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байна.

Жишээ нь, бүх төрлийн цахим зарын группт монгол иргэдийн зургийг ашиглаж, гадаад, монгол хүний нэртэй хуурамч хаягуудаас санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлж, хүүгүй зээл олгоно, та азтан болсон байна урьдчилгаа хийж баталгаажуулаарай, Тийм, Ок гэж бичсэн эхний 50 хүнд өнөөдөр 10 сая төгрөг өгнө, гэрээсээ хийх боломжтой, маш өндөр цалинтай онлайн ажилд зуучилна гэх мэтээр иргэдийг хуурч мэхлэн, хувийн бүх мэдээлэл, банкны нууц үг зэргийг олж авч, хохироож байгаа үйлдлүүд байна. Мөн энэ өвөл манай аймагт цас зудтай, цаг агаарын нөхцөл байдал хүндрэлтэй байгааг далимдуулан, цахимд байршуулсан алдсан малын зарыг ашиглан “Таны алдсан мал энд байна. Түлш тосны мөнгө өгвөл хариулж байя” гэх зэргээр иргэд, малчдыг хуурч залилах тохиолдлууд бүртгэгдэж, Цагдаагийн байгууллагаас холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.


-Нэмэгдэж байгаа гол шалтгаан, нөхцөл нь юу вэ?

-Энэ төрлийн гэмт хэрэгт өртөх гол шалтгаан, нөхцөл нь иргэдийн аливаа мэдээллийн эх сурвалжийг нягталдаггүй, мэдлэг, мэдээлэлгүй, хайхрамжгүй байдал, мөн амар хялбар аргаар ашиг олох гэсэн сэдэл зэрэг гэмт хэргийн хохирогч болоход нөлөөлж байна. 


-Тэгвэл урьдчилан сэргийлэх гол арга нь?

-Цахимд орчинд тавигдаж байгаа аливаа мэдээллийн эх сурвалжийг тодруулах, үнэн бодит, хуурамч эсэхийг сайтар нягталж үзэх, хувийн мэдээллээ бусдад шилжүүлэхгүй байх, энэ төрлийн мэдээ, мэдээллийг бусдадаа сэрэмжлүүлж, дамжуулдаг байхад л энэ төрлийн гэмт хэрэгт өртөж хохирохгүй байх бүрэн боломжтой.


-Цагдаагийн байгууллагаас урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд зориулсан ажлыг хэрхэн хийж байна?

-Цагдаагийн байгууллагаас цахим залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр байнгын сэрэмжлүүлэг мэдээ, мэдээлэл бэлтгэн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр иргэд, олон нийтэд түгээж, нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг зохион явуулдаг. 


-Сар шинийн баяр болж буйтай холбоотойгоор иргэдэд хандаж юуг анхааруулах вэ?

-Сар шинийн баярын эдгээр өдрүүдэд иргэд та бүхнийг энэ төрийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, онлайн худалдан авалт хийхдээ мэдээллийн эх сурвалжийг нягталж, баталгаат газраас худалдан авалт хийхийг анхааруулж байна. Мөн баярын өдрүүдэд хулгайн гэмт хэрэг үйлдэж болзошгүй тул иргэд эд хөрөнгөө хараа хяналттай байлгаж, гэр орноо удаан хугацаагаар цоожгүй орхихгүй байх хэрэгтэй. Дараагийн гол сэрэгжлүүлэг бол архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх явдал юм. Баярын өдрүүдээр архинаас татгалзаж, согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг онцгойлон анхааруулъя.


-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

 

Холбоотой мэдээ