СҮХБААТАР: Эрэлттэй мэргэжлээр суралцаж буй оюутнуудад тэтгэлэг олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-02-14 15:32:00

Баруун-Урт, 2024 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Орон нутагт дутагдалтай, нэн эрэлттэй мэргэжлээр суралцаж буй төгсөх ангийн оюутанд олгох тэтгэлгийн журмын болзлыг хангасан оюутнуудад тус бүр дөрвөн сая төгрөгийн тэтгэлэг олголоо.

 

Сэтгэлзүйч, бага ангийн багш, био технологич, эрхзүйч, улс төр судлаач, монгол хэл уран зохиолын багш зэрэг мэргэжлээр суралцаж буй найман оюутан уг тэтгэлэгт хамрагдав.

 

Оюутнуудтай сургуулиа төгсөөд өөрийн аймаг, сумандаа доод тал нь гурван жил тогтвор суурьшилтай ажиллах гэрээг энэ үеэр байгуулсан юм. Энэ нь орон нутагт дутагдаад байгаа хүний нөөцийг бүрдүүлэх зорилтыг хангана хэмээн үзэж байгаа аж.

 

Сүхбаатар аймаг хоёр дахь жилдээ Хүний нөөцийн нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүний нөөцийн нөхөн хангалтыг хийх, төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулахыг зорин ажиллаж буй. Энэ хүрээнд хийх олон ажил, үйл ажиллагааны нэг хэсэг нь энэхүү тэтгэлэг юм.

 

Холбоотой мэдээ