Хадгаламж зээлийн хоршоодын зээлийн жигнэсэн дундаж сарын хүү 2023 онд 2.43 хувьтай гарчээ

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2024-02-26 17:35:47

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол улсын хэмжээнд Санхүүгийн зохицуулах хороо, хоршооны тусгай зөвшөөрлийг (2023 оны 1 дүгээр сарын 6-нд хуульд өөрчлөлт орсон) хугацаагүй олгох болжээ. Тус хорооноос хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 191 хадгаламж, зээлийн хоршоо (ХЗХ) 2023 оны байдлаар, 61 салбар, 1035 ажилтан, 72521 гишүүн (72,253 иргэн, 268 хуулийн этгээд)- тэйгээр 21 аймаг, нийслэлийн 8 дүүрэгт үйл ажиллагаа явуулж гишүүддээ үйлчилж байна. Тэдний 91 нь орон нутагт, 100 нь Улаанбаатар хотод төвлөрчээ.


ХЗХ-ны гишүүдийн тоог 2022 оныхтой харьцуулахад 72521-т хүрч 864-өөр нэмэгдсэн гэнэ. Нийт гишүүдийн 39284 нь Улаанбаатар хотын, 33237 орон нутгийн ХЗХ-нд бүртгэлтэй байна. Харин гишүүдийн:

  • 268 буюу 0.4 хувь нь хуулийн этгээд,
  • 39433 буюу 54.4 хувь нь эмэгтэй,

Мөн хадгаламж зээлийн хоршоод:

  • 61 нь 20-100 гишүүнтэй,
  • 99 нь 101-500 гишүүнтэй,
  • 18 нь 501-1000 гишүүнтэй,
  • 13  1001-ээс дээш гишүүнтэй,

Гишүүдийн 56.9 хувийг 18- 45 насныхан эзэлж байна. Тайлант улиралд ХЗХ-д 29515 зээлдэгчийн 209080409 мянган төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, зээлдэгчийн 13307 нь Улаанбаатар хотын ХЗХ-дын гишүүд, тэд нийт зээлийн 156644871 мянган төгрөг байна. Харин 16208 зээлдэгч орон нутгийн ХЗХ-дын гишүүд, тэд нийт зээлийн 52435538 мянган төгрөгийг бүрдүүлжээ. Зээлдэгчийн 29424 нь хувь хүн (16766 нь эмэгтэй), 91 нь хуулийн этгээд юм. Нэг зээлдэгчид ногдох дундаж зээл 7083 төгрөг юм.


Улаанбаатар хотод:

  • 11771 мянган төгрөг, орон нутагт:
  • 3235 мянган төгрөг,

ХЗХ-д 2023 оны 4 дүгээр улирлын байдлаар 43294 хадгаламж эзэмшигчийн 215159878 төгрөгийг татан төвлөрүүлсэн. Хадгаламж эзэмшигчийн 23043 Улаанбаатар хотын ХЗХ-дын гишүүд, тэд нийт хадгаламжийн 171,311,064.76 мянган төгрөг. Харин 20251 хадгаламж эзэмшигч орон нутгийн ХЗХ-дын гишүүдийнх аж. Тэд нийт хадгаламжийн 43848813 төгрөгийг бүрдүүлжээ. Хадгаламж эзэмшигчийн 43222 нь хувь хүн (25133 нь эмэгтэй), 72 нь хуулийн этгээд аж. Нэг хадгаламж эзэмшигчид дунджаар 4969 төгрөг ногддог. Улаанбаатар хотод энэ үзүүлэлт 7434 төгрөг, орон нутагт 2165 төгрөг гэнэ.


Санхүүгийн ерөнхий үзүүлэлт

ХЗХ-ны зах зээлийн нийт хөрөнгө (2023 оны 4 дүгээр улирлын байдлаар) 306475284 төгрөгт хүрсэн байна. Энэ нь 2022 онтой харьцуулахад 38759614 төгрөгөөр өсөж, банкны зах зээлийн 0.5 хувьтай тэнцжээ.


Тайлант улиралд нийт зээлийн үлдэгдэл 1184825 төгрөгөөр буурчээ. Харин нийт татан төвлөрүүлсэн хадгаламж 27659301 төгрөгөөр нэмэгджээ. Зах зээлийн орлого 5671979 төгрөгөөр, зарлага 6331982 төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна. Тэгвэл цэвэр орлого 660003 төгрөгөөр буурч 10956369 төгрөгт хүрчээ.


Хөрөнгийн бүтэц

ХЗХ-ны зах зээлийн нийт хөрөнгө 306475284 төгрөгт хүрсэн нь 2022 оны мөн үетэй харьцуулахад 38759614 төгрөгөөр өссөн байна. Зээлийн хэмжээ 2022 оныхоос 1148825 төгрөгөөр буурч 209080409 төгрөгт хүрчээ. Мөн 4842137 төгрөгийн эрсдэлийн сан байгуулсан байна.


Хөрөнгийн төвлөрөл

ХЗХ-дыг хөрөнгийн хэмжээгээр нь ангилахад, хадгаламж зээлийн 4 хоршооны нийт хөрөнгө 10 тэрбум төгрөгөөс дээш 177766469 төгрөг нь зах зээлийн нийт хөрөнгийн 58.0 хувийг, гишүүдийн тоо 19057 байгаа нь нийт гишүүдийн 26.9 хувийг эзэлсэн байна


Зээлийн үйл ажиллагаа

Тайлант улиралд зах зээл дэх нийт зээлийн үлдэгдэл:

  • 209080409 төгрөг буюу нийт хөрөнгийн 68.2 хувь,
  • цэвэр зээлийн үлдэгдэл 204238272 төгрөг буюу нийт хөрөнгийн 66.6 хувь,

Зээлийн жигнэсэн дундаж хүү сарын 2.28 хувь, тайлант хугацаанд олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү 2.43 хувьтай гарчээ.


Нэг тэрбум төгрөгөөс дээш зээлийн үлдэгдэлтэй хадгаламж зээлийн 28 хоршооны зээлийн дүн зах зээлийн нийт зээлийн 85.0 хувийг бүрдүүлжээ.


ХЗХ-дын бусдаас авсан зээлийн хэмжээнд банкнаас авсан зээл 19.7 хувь, санхүүгийн байгууллагаас авсан зээл 16.4 хувь, төсөл, хөтөлбөрөөс авсан зээлийн хэмжээ 60.8 хувь, хойшлогдсон татварын өр төлбөр 3.1 хувийг тус тус эзэлж байна. Бусдаас авсан нийт зээлийн 91.4 хувийг Улаанбаатар хотын ХЗХ-дын зээл, 8.6 хувийг орон нутгийн ХЗХ-дын зээл бүрдүүлсэн байх юм.


Улаанбаатар хотын ХЗХ-дын бусдаас авсан зээл:

  • 13.9 хувийг банкнаас авсан зээл,
  • 16.7 хувийг санхүүгийн байгууллагаас авсан зээл,
  • 66.1 хувийг төсөл, хөтөлбөрөөс авсан зээл,

Орон нутгийн ХЗХ-дын бусдаас авсан зээл:

  • банкнаас авсан зээл 81.3 хувь,
  • санхүүгийн байгууллагаас авсан зээл 13.6 хувь,
  • төсөл, хөтөлбөрөөс авсан зээл 3.4 хувь

Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 246 дугаар тогтоолоор баталсан “Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлт”-ийг 2023 оны 4 дүгээр улиралын байдлаар тооцоход дараах байдалтай байна


Хадгаламж зээлийн 29 хоршоо зээлийн эрсдэлийн санг 111390 төгрөгөөр илүү, 10 хоршоо зээлийн эрсдэлийн санг 21056 төгрөгөөр дутуу байгуулсан байна. Харин хадгаламж зээлийн 22 хоршоонд чанаргүй зээлийн зохистой харьцаа, 61 хоршоонд нийт хөрөнгөд эзлэх зээлийн зохистой харьцаа, 25 хоршоонд гишүүдийн хадгаламжийн зохистой харьцаа, 21 хоршоонд бусдаас авсан зээлийн зохистой харьцаа, 32 хоршоонд хоршоологчдын өмчийн зохистой харьцаа, 56 хоршоонд үйл ажиллагааны зардлын зохистой харьцаа, 40 хоршоонд төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцааг тус тус хангагдаагүй.


ХЗХ-ны зах зээлийн хөрөнгийн өгөөж 3.6 хувь байна. Тайлант улиралд 52 хоршоо зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажилласан. Харин 21 хоршоо 5 болон түүнээс дээш зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж чадаагүй.


Санхүүгийн зохицуулах хороонд хадгаламж зээлийн 58 хоршоо 2023 онд 96 хүсэлт ирүүлсэн байх юм. Тайлант улирал (2023 оны 4 дүгээр улирал)-д 6 хоршооноос ирүүлсэн сонгуульт гишүүн, гүйцэтгэх захирал, нягтлан бодогч, салбарын захирлын өөрчлөлт бүртгүүлэх 7 хүсэлтийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэсэн гэж Санхүүгийн зохицуулах хорооны Хадгаламж, зээлийн хоршоодын 2023 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайлангийн нэгтгэлийн танилцуулгад дурджээ.


“Гишүүдийнхээ эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээг хангах зорилгоор гишүүддээ хадгаламж, зээлийн үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үзүүлэх ардчилсан удирдлага, хамтын хяналт бүхий ашгийн төлөө бус хуулийн этгээдийг хэлнэ” гэж Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуульд тодорхойлсон байна. Ашгийн бус гэдэг үүднээс авч үзвэл ХЗХ гишүүдийн ажлын байр, амьжиргааны эх үүсвэр, эргэлтийн хөрөнгө гэж тооцож үзэх боломжтой. 

Холбоотой мэдээ