СҮХБААТАР: Японы хүүхдийг ивээх сангаас 125 сая төгрөгийн тусламж үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-03-04 15:34:53

Баруун-Урт 2024 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Японы Хүүхдийг ивээх сангаас Сүхбаатар аймгийн зудад өртсөн малчин өрхүүдэд болон аймгийн ОБГ-т нийт 125 сая төгрөгийн тусламж үзүүллээ.

 

Түвшинширээ, Халзан, Уулбаян сумын 180 өрхөд тус бүр 500 мянган төгрөг, 12 сая төгрөг буюу хүүхдэд сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх сургалтын зардлыг бүх суманд, мөн ОБГ-т зудын эрсдэлийг бууруулах ажилд зориулан 22 сая төгрөгийн өртөг бүхий туулах чадвар сайтай автомашины дугуй болон шатахуун олгов.


 

Зудын нөхцөл байдал нийт нутгаар хүнд байгаа. Малын өвс, тэжээлийн дэмжлэгээс илүү малчдад өөрсдөд нь олон төрлийн дэмжлэг нэн шаардлагатай байгаа юм. Тиймээс олон улсын байгууллагуудад хандаж, шаардлагатай арга хэмжээг авч байна. Малчид бэлэн мөнгөний хомсдолд орсон, мөн тэдний хүүхдүүд сэтгэлзүйн хувьд хүнд байгаа. Тиймээс малчдын хүүхдүүдэд харьяа сум, сургуулийн багш нараар дамжуулан сэтгэлзүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх юм. Энэ хүрээнд ээлжит тусламж Японы Хүүхдийг ивээх сангаас ирж байна гэдгийг аймгийн Засаг дарга М.Идэрбат онцоллоо.


 

Дээрх сумдын малчдын төлөөлөл ирж, тусламжаа өөрсдөө гардан авсан юм. Тэдний хувьд үлдсэн цөөн малаа авч үлдэхийн тулд өвс, тэжээлээр тасалдуулахгүй байх нь чухал. Тиймээс тусламжийн мөнгийг малдаа зарцуулна гэдгээ хэлээд, Японы ард түмэнд талархаж байгаагаа илэрхийллээ.


 

Харин Японы Хүүхдийг ивээх сангийн суурин төлөөлөгч Л.Баян-Алтай хэлэхдээ, "Бидэнд өнгөрсөн долоо хоногт аймгийн удирдлага хандаж, малчдад туслахыг хүссэн. Манай сан Сүхбаатар аймагтай нягт хамтарч ажилладаг. Хэд хэдэн томоохон төслийг ч хэрэгжүүлж байсан. Энэ бол хамтын ажиллагааны үргэлжлэл. Зудад өртсөн малчдад зориулсан энэ ажил ингээд зогсохгүй. Цаашид малжуулах ажлыг хэрхэн хийх боломжтой талаар судалж, хамтран ажиллах болно" гэв. 

Холбоотой мэдээ