СҮХБААТАР: Малчдад туслах сэргээн босголтын багийнхан 12 суманд ажиллажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-03-11 15:21:03

Баруун-Урт, 2024 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Зудад нэрвэгдсэн малчдад туслах сэргээн босголтын баг тус аймагт 14 хоног үүрэг гүйцэтгээд буцлаа. Энэ хугацаанд 10880 км замыг туулж, 37 гэр, хашааг нүүлгэн шилжүүлж, цасанд дарагдсан 183 гэр, хашаа хороо гаргаж, хандив тусламжийн өвс, тэжээл болон хүнсний бүтээгдэхүүнийг 48 байршилд хүргэсэн байна.


 

Мөн тэд сум доторх болон баг хоорондын замыг нээх ажлыг хийж гүйцэтгэсэн. Нэг суманд дунджаар 500-600 км замыг нээжээ.

 

Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар томилогдсон сэргээн босголтын багийг зудын нөхцөл байдал нэн хүнд байгаа аймгууд руу илгээсэн. Тус баг Сүхбаатар аймгийн 12 суманд 14 хоногийн хугацаанд үүрэг гүйцэтгэсэн бөгөөд нийт 127 албан хаагч, 18 техник хэрэгслийг дайчилжээ.


 

Сүхбаатар аймагт ажилласан багт Зэвсэгт хүчний болон Хилийн цэргийн найман анги нэгтгэл оролцсон. Нийт нутгаар төмөр зудтай, нөхцөл байдал хүнд байгаа. Гэсэн хэдий ч нэг айлд өвс, тэжээл хүргэж очихдоо дарагдсан цаснаас нь гаргаад өгөхөд үнэхээр их баярлаж байсан. Ажилласан сум болгоны малчид, удирдлагууд сэтгэгдэл өндөр байгаагаа хэлж байсан. Сэргээн босголтын баг үнэхээр цаг үеэ олсон, зөв ажил болсонд бид бүхэн таатай байгаа. Тиймээс үүрэг гүйцэтгэсэн нийт алба хаагчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлмээр байна хэмээн тус багийг удирдаж ажилласан, Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн захирагч, хурандаа П.Мөнхбат хэллээ.


 

Үүргээ амжилттай гүйцэтгээд буцаж буй алба хаагчдыг аймгийн удирдлагууд хүлээн авч уулзаж, талархал илэрхийлэхийн зэрэгцээ баг хамт олноо ахалж ажилласан хошууч С.Ёндонпэрэнлэй, дэд хурандаа Д.Нямсүрэн, дэд хурандаа Н.Үүрцайх нарыг аймгийн хүндэт тэмдгээр, аймгийн хүндэт жуух бичгээр бүх анги нэгтгэлийг шагнаж урамшуулсан юм.

 

Холбоотой мэдээ