СҮХБААТАР: Зуд, малын хорогдлоос үүдэлтэй сэтгэл зүйн хямрал малчдад их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-03-14 17:41:04

Баруун-Урт 2024 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайдын тушаалаар өвөлжилт, хааржилт хүндэрсэн аймаг, сумдад сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд ажиллаж байна. Тус багийнхан Сүхбаатар аймгийн гурван суманд ажиллах бөгөөд одоогийн байдлаар 120 гаруй иргэнд хүрч ажиллажээ.

 

Ингэхдээ зудын голомтод байгаа болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байгаа айл өрхийг сонгосон байна.

 

Манай баг Эрдэнэцагаан, Асгат суманд ажиллаж байна. Замын нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Зарим айл руу явган очиж тусламж үйлчилгээгээ үзүүлсэн. Цас зуд, малын хорогдол зэргээс үүдэлтэй сэтгэл зүйн хямрал малчдад их байна. Үүний зэрэгцээ орон нутагт оюуны хомсдолтой болон архины хамааралтай хүн их байдаг юм байна. Хүн бүр шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүлж, цаашид анхаарах зөвлөмж, зөвлөгөөг хүргэж байна. Мөн нэн шаардлагатай иргэнийг бүртгэж, дараа дараагийн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэж СЭМҮТ-ийн их эмч Т.Саранцэцэг хэллээ.

 

Уг багт улсын гуравдугаар төв эмнэлгийн уушиг судлал, яаралтай тусламжийн хоёр эмч, СЭМҮТ-ийн сэтгэл засалч эмч нар болон ОБЕГн алба хаагчид багтжээ.

 

Холбоотой мэдээ