СҮХБААТАР: Иргэд зориулалтын өрөө тасалгаанд анхан шатны тусламж үйлчилгээг авч эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-03-15 14:38:53

Баруун-Урт, 2024 оны гуравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын Энхлэн ачтан өрхийн эрүүл мэндийн төв шинэ байртай боллоо. Орон нутгийн төсвийн 1,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан тус ЭМТ нь Баруун-Урт сумын таван багийн 11,6 мянга гаруй иргэнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлдэг.  



Өнгөрсөн онд аймаг, орон нутгийн дэмжлэгээр автомашины асуудлыг шийдвэрлэж өгсөн. Ингэснээр гэрээр болон дуудлагын үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай хүргэх боломж нэмэгдсэн.

Шинээр лабраторийн үйлчилгээг нэвтрүүлж байна. Мөн чийрэгжүүлэлт, эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн, амралтын, өдрийн эмчилгээний зэрэг өрөөтэй. Саруулхан, цэвэр, тав тухтай орчинд зориулалтынх нь өрөө тасалгаанд анхан шатны тусламж үйлчилгээгээ авч байгаа учир үйлчлүүлэгч иргэд маань сэтгэгдэл үнэхээр өндөр байгаа гэж тус төвийн эрхлэгч Д.Ганцэцэг хэллээ.




Эднийх хүний нөөцийн хангалт 86,5 хувьтай буюу 22 эмч, эмнэлгийн ажилтантай. Өнгөрсөн онд тус хамт олон 11527 иргэнд үйлчилгээ үзүүлсэн бол энэ онд үйлчлэх хүрээний хүн ам илүү нэмэгдэх хандлагатай байгааг хэллээ.


Энэ бол улсын хэмжээнд өрхийн эмнэлгийн стандартаар барьсан анхны барилга юм. Ингэснээр Баруун-Урт сумын иргэд эрүүл мэндйн анхан шатны тусламж үйлчилгээг тав тухтай, стандартын орчинд хүргэх боломж бүрдэж буй юм.  


Баруун-Урт сум нь есөн баг, 24,3 мянган хүн амтай бөгөөд нийт хүн амд гурван ӨЭМТ үйлчилгээ үзүүлж байна. 

Холбоотой мэдээ