СҮХБААТАР: Монгол гэр урлаач М.Ууганбаатар

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-04-03 18:05:46

Баруун-Урт, 2024 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Мөнхбаатарын Ууганбаатар бол монгол гэр урлаач буюу соёлын биет бус өв тээгч. Монгол гэр түүн дотроо сийлбэртэй гэрийг захиалагчдын хүсэлтээр урладаг. Ур, хийцээрээ өөрийнх нь бүтээл бусдаас ялгардаг, нэг хийц нь давтагдашгүй гэдгээрээ онцлог.


Сүхбаатар аймагт модоор гэрийн эдлэл болон бусад төрлийн зүйлс хийдэг дархан, мужаан, сийлбэрч олон байдаг ч яг бүрэн хэмжээний гэр хийдэг урлаач ганц байдаг нь М.Ууганбаатар юм.




Тэрбээр багын зураг зурах дуртай байж. Ямар ч хичээл орж байсан зураг л зураад суучихдаг байснаа дурсав. Нэг зуныхаа амралтаар хөдөө байхдаа хотныхоо сийлбэрч ахаас жаахан мод гуйж аваад, дээр нь морь зурж хоёр өдөрт сийлж дуусгасан нь анхных нь сийлбэрийн бүтээл байжээ. Түүнээс хойш сийлбэрт илүү дурлаж, өөрийгөө бага багаар хөгжүүлсээр өнөөдрийнхөө өөрийг бүтээсэн тухайгаа М.Ууганбаатар ярив.


Гэр хийхэд хамгийн чухал нь түүхий эд болох модоо сонгож бэлтгэх. Сонгож авсан модоо хатаах үйл явц хамгийн их цаг хугацаа шаарддаг. Модыг наранд хатааж болдоггүй. Аль болох нарны тусгалаас хол, сүүдэрт, салхинд эврээж хатаах нь хамгийн зөв технологи. Наранд хурдан хатсан мод хагарч, цуурах эрсдэл их. Миний хувьд модоо намар нь аваад өвөлдөө хатаагаад бэлтгэчихдэг хэмээн тэр ярилаа.




Гэр бол монголчуудын уламжлалт сууц. Гэхдээ нийгэм, цаг үеэ дагаад гэрийн хийц, загвар өөрчлөгдөх болсон. Энэ өөрчлөлтийг урчууд ч мөн дагаж, өөрсдийн ажилдаа шингээж байна. М.Ууганбаатар ихэвчлэн сийлбэртэй гэр хийдэг бөгөөд ингэхдээ сийлбэрийн автомат машиныг ашиглаж эхэлсэн бөгөөд гар сийлбэртэйгээ хослуулдаг байна.


2023 оноос сийлбэрийн машиныг ашиглаж эхэлжээ. Гэрийн тооно, унь, багана, хаалга гээд бүхий л сийлбэртэй хэсгийн ажлыг тус машин гүйцэтгэнэ. Харин бэлэн болсон бэлдцийн сийлбэрийг илүү нарийн, цэвэрхэн хийцтэй болгох гол ажиллагаа болон угсрах ажлыг гараар гүйцэтгэдэг. Мөн ямар нэг амьтны сийлбэрийг машинаар бус дан гараар хийдэг байна.




Хүмүүсийн хувьд бүх зүйлийг гараар сийлээгүй учир үнэ цэнийн хувьд арай өөр гэж ойлгодог. Би бол үүнийг үгүйсгэдэг. Хэдийгээр автомат машин ашиглаж байгаа ч би тухайн бүтээлээ ямар хээ угалзтай, ямар байдлаар хийх вэ гэдгээ бодож төсөөлж, зургаа гараараа зурж бүгдийг бэлэн болгосны дараа компьютерт оруулж, түүнийг машин гүйцэтгэж байгаа. Тэгэхээр адилхан л хүний оюуны бүтээл болно. Нөгөө талаар машинаас гарсан бэлдцийг илүү сайжруулж, угсрах ажлыг бүгдийг гараараа хийдэг. Ер нь техник технологи хурдацтай хөгжиж, бүхий л зүйлс автомат ажиллагаанд шилжиж байна. Энэ шилжилтийг сийлбэрч, урчууд дагаж, яагаад өөрсдийнхөө ажлыг хөнгөвчилж болохгүй гэж. Мэдээж зуун хувь гар аргаар хийсэн гэр гэдэг утга учрын хувьд илүү байж болох ч бид гар аргыг, автомат ажиллагаатай хослуулахдаа тухайн бүтээлийнхээ ялангуяа монгол гэрийнхээ үндсэн утга, агуулгыг алдагдуулахгүй байх нь чухал гэдгийг М.Ууганбаатар хэллээ.




Тэрбээр одоогоор өөрийн дүүтэйгээ хамтран ажилладаг. Дүү нь мөн сийлбэр хийдэг. Тэр дүүдээ сийлбэр хийх аргыг зааж, мөн өвлүүлж буй. Тэд яг одоо бүтэн сийлбэртэй, иж бүрэн тавилгатай, арван ханатай гэрийн захиалгыг гүйцэтгэж байна

Холбоотой мэдээ