АРХАНГАЙ: Урд Тамирын голын эрэг дагуу 4000 гаруй улиас тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-04-26 12:24:03

Эрдэнэбулган, 2024 оны дөрөвдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Архангай аймгийн хэмжээнд 5 дугаар сарын 4-10-ны өдрүүдэд бүх нийтээр мод тарина.

 

Энэ хаврын мод тарилтаар Урд Тамирын голын эрэг дагуу 4 га талбайд ойн зурвас байгуулахаар бэлтгэл ажил өрнөж байна. Энэ ажилд Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж, хувиараа бизнес эрхлэгчид, иргэд оролцож, 4096 ширхэг улиас тарих юм.

 

Энэ ажил нь гол мөрний урсац бүрэлдэх эх, эрэг, булаг шанд орчмыг ойжуулснаар цэвдгийг хамгаалах, усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, бохирдол, хомсдолыг багасгах ач холбогдолтой.

 

Үүний дараа Цэнхэр сумын Сум дундын ойн ангийн хариуцдаг Булган, Төвшрүүлэх, Цэнхэр сумын ойн ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 13 ойн мэргэжлийн байгууллагаар Булган сумын нутагт байгалийн аясаар сэргэн ургах чадваргүй болсон 13 га талбайд зориудаар мод тарихаар бэлтгээд байна.

Холбоотой мэдээ