БАЯНХОНГОР: Тарбозаврын бүтэн хэлхээ яс аймгийн Байгалийн музейд хадгалагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-05-10 09:54:06

Баянхонгор, 2024 оны тавдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Махан идэшт аварга үлэг гүрвэл тарбозаврын бүтэн хэлхээ яс Баянхонгор аймгийн Байгалийн музейд хадгалагдаж байна. Дэлхийд таван динозаврын яс бүтнээрээ олдоод байгаагийн нэг нь энэ бөгөөд олдворын хувьд аймгийн музейн хамгийн эртний үзмэр юм.


Геологийн нас: Нэмэгтийн цаг үе 78 -65 сая жил  

Олдсон газар: Баянхонгор, Баянговь сумын Бүгийн цав


Махчин динозаврын төрөл болох тарбозавр нь одоогоос 130 сая жилийн өмнө амьдарч байсан бөгөөд 1982 онд Монгол, Оросын хамтарсан судалгааны баг Баянхонгор аймгийн Баянговь сумын Бүгийн цавын хоолойгоос уг олдворыг олжээ. Энэхүү олдворын малтлагын ажлыг анх 1986 онд гүйцэтгэсэн бөгөөд 1987-1988 онд тус хүрээлэнгийн палеонтологийн лабораторид хөрс чулуулгаас нь салган цэвэрлэх техник боловсруулалт болон судалгааны ажлыг хийж, 1989 оны 6 дугаар сарын 1-нээс эхлэн 3 сарын турш музейн үзмэр болгон угсарчээ.


Аварга махан идэшт үлэг гүрвэлийн хэлхээ ясыг сэргээн засварлах, дахин бэхжүүлэх, угсран үзүүлэх, хэлбэр дизайныг шинэчлэх болон бусад холбогдох ажлыг ШУА-ийн Палеонтологийн төвийн судлаачдын зөвлөмж, заавар, удирдлагаар “Хүннү арт” ХХК, Баянхонгор аймгийн Түүх угсаатан, Байгалийн түүхийн музей зэрэг байгууллага хамтран гүйцэтгэсэн байна. 


Тарбозавр гэдэг нь tarbo/аймшигт/, sausrus/гүрвэл/ гэсэн грек үгээс гаралтай. Нас бие гүйцсэн тарбозаврын урт нь 12 метр, өндөр нь 4-5 метр, хүндийн жин нь 6 тонн шахам жинтэй болдог гэх эрдэмтдийн тооцоолол бий. 


Баянхонгор аймгаас олдсон тарбозаврын хэлхээ ясны өндөр нь гурван метр, урт нь есөн метр учир насны хувьд харьцангуй залууд тооцогдох юм.


Дэлхий дээр 300 гаруй төрлийн үлэг гүрвэл байсныг одоогоор олж тогтоосноос 60 гаруй төрөл нь Монголын нутгаас олдсон бөгөөд хамгийн том, махан идэшт үлэг гүрвэл нь тарбозавр. Эртний энэ аварга амьтад болон далайн амьтдын чулуужсан яс нь Баянхонгор аймгийн Баянговь сумын Бүгийн цав төдийгүй Шинэжинст сумын Ногоон цав, Богд сумын Орог нуурын орчин, Ам гол, Луу яст зэрэг газраас олджээ.


Холбоотой мэдээ