Ц.Төгсбуян: Зэсийн үнэ өссөнөөр Баялгийн санд хуримтлах хөрөнгө нэмэгдэх боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-05-10 15:05:07

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Дэлхийн эрдэс баялгийн түүхий эдийн зах зээлд металлын үнэ сүүлийн 4 сар өсөж ирэв. Жишээ нь, зэсийн үнэ нэг тонн нь 10 мянган ам.доллароос давж, унци алтны үнэ 2300 ам.доллароос дээш гарч, сүүлийн жилүүдэд байгаагүй өндөр үзүүлэлттэй байна.


Дээрх түүхий эдийг голлон экспортолж, эдийн засаг нь уул уурхайн салбарт тулгуурладаг Монгол Улсын хувьд уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт эергээр нөлөөлнө. Энэ талаар уул уурхайн төрийн өмчит компаниудыг нэгтгэдэг "Эрдэнэс Монгол" нэгдлийн Зэс, металлын группийн менежер Ц.Төгсбуян өнөөдөр “Блью Скай” зочид буудалд болсон уул уурхайн онол, практикийн хурал дээр онцоллоо.


Тэрбээр цааш нь хэлэхдээ, 2024 оны Улсын төсөвт манай улс экспортлох зэсийн баяжмалын үнийг нэг тонныг нь 9 мянган ам.доллароор төлөвлөсөн. Зэсийн үнэ 10 мянган ам.доллароос дээш өндөр хэвээр байх юм бол төсвийн орлого бүрдүүлэлт тэр хэрээр өсөх боломжтой. Цаашид үнэ ханш өндөр хэвээр хадгалагдах төлөвтэй байгаа.

Тиймээс уул уурхайн компаниуд түүхий эдийн үнэ өндөр байгаа энэ боломжийг ашиглан борлуулалтын ашгаа нэмэгдүүлэхээс гадна Үндэсний баялгийн санд орох хөрөнгө оруулалт, хуримтлуулах хөрөнгө өснө. Үлдэх хөрөнгө мөнгөөр компани, ААН-үүд хугацааны стратеги төлөвлөгөөндөө тусгасан төсөл, хөтөлбөрөө санхүүжүүлж хөрөнгө оруулах нааштай боломж гарч ирж байна гэв.


Тэрбээр, өнөөдрийн онол, практикийн хурал дээр тавьсан "Эрдэнэс Монгол нэгдлийн стратеги төлөвлөгөө”-г танилцуулсан юм. Энд 6 цогцолбор үйлдвэр байгуулах талаар тусгажээ. Үүнд:

  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн зэс олборлох цогцолбор,  
  • Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэн Ган бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн цогцолбор  
  • Бор-Өндөр жоншны үйлдвэрийг түшиглэн жоншны цогцолбор, 
  • Багануурын уурхайг түшиглэн нүүрсний цогцолбор,  
  • Эрдэнэс Тавантолгой” компаний уурхайг түшиглэн кокс, химийн цогцолбор орж байна.

Эдгээр цогцолбор нь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дотоодын хэрэгцээг хангах, экспортод гаргах зорилготой. Давуу тал нь төр, хувийн хэвшлийн түншлэлийг байгуулах юм гэдгийг онцлон хэллээ.


Олон улс дижитал платформд шилжиж, бүх салбар цахимжиж байна. Энэ хүрээнд “Эрдэнэ монгол” нэгдэл харьяа бүх компанидаа нэгдсэн "ERP" системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ систем нь тус нэгдлийг хаана, ямар сайжруулалт хийх хэрэгтэй байгааг тодорхойлон гаргаж өгөх юм.

 

Холбоотой мэдээ