ОРХОН: Монгол хэл, бичгийн улсын олимпиадад бага ангийн багш нар анх удаа оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-05-10 16:51:19
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны тавдугаар сарын 10 /МОНЦАМЭОрхон аймагт зохион байгуулсан Монгол хэл бичгийн улсын 53 дугаар олимпиадад 90 гаруй багш, сурагч гурван төрөлд өрсөлдлөө. Тус олимпиадад  21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс 30 сурагч, монгол эх хэл бичгийн 30, бага боловсролын 30 багш оролцсон юм. 


Улсын 53 дугаар олимпиадыг санаачилж, зохион байгуулагчаар ажилласан Орхон аймаг уралдааны төрөлд нь бага ангийн багшийн төрлийг нэмсэн бол Монгол хэл бичгийн олимпиадын зохион байгуулах дэд хорооноос нийслэлийн 9 дүүргээс тус бүр нэг багшийг оролцуулсан нь онцлог байлаа.


Олимпиадын тэргүүн байрт Төв аймгийн сурагч М.Хоролгарав, хоёрдугаар байрт Завхан аймгийн сурагч Д.Чаминчулуун, Сүхбаатар аймгийн сурагч У.Пүрэвбат, Хэнтий аймгийн сурагч М.Маралгуа, гуравдугаар байрт Улаанбаатар хот, Баянгол дүүргийн сурагч Б.Энхжин, Сүхбаатар дүүргийн сурагч О.Энхсод, Өмнөговь аймгийн сурагч Э.Болор-Эрдэнэ, Өвөрхангай аймгийн сурагч Ц.Эрмүүндалай нар тэргүүллээ.


Монгол хэл, бичгийн багш нараас Сэлэнгэ аймгийн монгол хэл, уран зохиолын багш Л.Атарцэцэг тэргүүн байрт, Дорнод аймгийн багш Ч.Эрхчөлөө, “Шинэ Монгол” сургуулийн багш Б.Алтанзул нар хоёрдугаар байрт, Хөвсгөл аймгийн багш О.Цэцэнчимэг, Увс аймгийн багш С.Өлзийдэлгэр, Ховд аймгийн багш Г.Чулуунцэцэг нар гуравдугаар байрт шалгарлаа.


Бага ангийн багшийн төрөлд, Говьсүмбэр аймгийн багш Л.Цолмон тэргүүн байрт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн багш Б.Мөнхгэрэл, Дундговь аймгийн багш Э.Нарантуяа нар хоёрдугаар байрт, Увс аймгийн багш Ц.Цэвэлмаа, Улаанбаатар хот, Багануур дүүргийн багш Б.Баасансүрэн, Завхан аймгийн багш Б.Долгорсүрэн нар гуравдугаар байрт орлоо.


Олимпиадын гурван төрөлд 26 шилдэг оролцогчийг шалгаруулж, нэгдүгээр байрт нэг сая төгрөг, хоёрдугаар байр 800 мянга, гуравдугаар байрт 600 мянга, тусгай байрт 400 мянган төгрөгийн шагнал олголоо. Тус олимпиадыг зохион байгуулахад Орхон аймаг 40 сая төгрөг зарцуулжээ.

 


Холбоотой мэдээ