СЭЛЭНГЭ: Шинжлэх ухааны академитай хамтарч судалгааны ажил хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-05-10 20:20:27

Сүхбаатар, 2024 оны тавдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг шинжлэх ухааны академитай хамтран ажиллаж, судалгааны ажлууд хийхээр боллоо.

 

"Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт нутагшуулъя" аяны 12 дахь удаагийн үйл ажиллагаа өнөөдөр Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд боллоо.

 

Аяны хүрээнд Сэлэнгэ аймаг Шинжлэх ухааны академитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

 

Шинжлэх ухааны академитай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд 2024-2027 онд дараах судалгааны ажлуудыг хамтран хэрэгжүүлэх юм. Тодруулбал “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймгийн суурин газруудад тарих мод, сөөгийг сонгох.

 

Тэдгээрээр дамжуулан хүрээлэн буй орчны бохирдлыг саармагжуулах судалгааг хийх юм. Үүнд:

 

Цэвэрлэх байгууламжийн хаягдал лаг боловсруулах;

 

Ундны усны бохирдлыг багасгах технологи боловсруулах;

 

Рашааны химийн судалгаа;

 

Байгалийн нөөцийн боловсруулалт, ашиглалтын судалгаа;

 

Нефть, нефтийн бүтээгдэхүүнээр бохирдсон хөрсний мониторинг, бохирдлыг багасгах судалгаа;

 

Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан археологийн хайгуулын судалгаа зэргийг хамтран хийхээр боллоо.


Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал Д.Одгэрэл, “Аймаг орон нутагт тулгарч байгаа асуудлуудыг илүү шинжлэх ухаанчаар шийдвэрлэхэд энэ удаагийн үйл ажиллагааны зорилго чиглэж байна. Тухайлбал Сэлэнгэ аймаг энэ том боомтын хөгжилдөө тулгуурлаад бусад газар тариалан, мал аж ахуй, бизнесээ хэрхэн хөгжүүлэх вэ гэдгээ олон талын судлаачтай хамтарч, төрийн байгууллагаас бодлогын түвшинд явуулах нь зүйтэй” гэлээ.

Холбоотой мэдээ