СЭЛЭНГЭ: 13 мянган хүүхдийн хүйн ээж Д.Наранчимэг төрийн дээд одон хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-02-29 09:11:23

Сүхбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Эхээс хүүхдэд дамжих халдварт өвчний хяналтыг сайжруулж, эхийн өвчлөлийг эмчлэн эрүүлжүүлэх үйлсэд хөдөлмөр зүтгэлээ зориулж явсан ахмад эмч, эх баригч Д.Наранчимэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаажээ.  


13 мянга гаруй хүүхдийн хүйн ээж Д.Наранчимэгийн хүйн халдвараас сэргийлэх, шинэлэг бүтээлч ажлыг санаачлан хэрэгжүүлж ирсэн гавьяа, арвин туршлага өнөөдрийг хүртэл уламжлагдан түгсээр байгаа аж.


Эх үрийг эсэн мэнд амаржуулахад мэдлэг боловсролоо дайчилж, хийж хэрэгжүүлж ирсэн түүний энэхүү туршлага, ажил үйлс нь нярайд тохиолдох эрсдэлийг бууруулахад үр дүнгээ өгч, үнэтэй хувь нэмэр оруулж иржээ.


Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн салбарт тасралтгүй 36 жилийн хөдөлмөрөө зориулсан тэрбээр ариутгал халдваргүйтгэлийн чиглэлээр өөрийн ажилласан тасаг нэгждээ шинээр олон ажил санаачилж хийсний үр дүнд эх болон нярайд үүсэж болох олон эрсдэлээс сэргийлж, эх нярайг эсэн мэнд амаржуулах, амаржсаны дараа олон талаар үр дүнгээ өгч байсныг хамт олон нь дурсан ярьж байлаа.


Ахмад эх баригч, “Би олон 2 ихэр хүүхдийг эх барьж авсан. Мөн 1998 онд Сэлэнгэ аймагт 3 ихэр хүүхэд төрөхөд түүнийг эсэн мэнд өлгийдөн авч байв. Байгууллагаасаа 1978, 1993 онд “Аймгийн аварга эмч, эх баригч” гэсэн эрхэм шагналыг хүртэж байсан маань бахархал юм даа” хэмээв.


Тэрбээр эх, нярайг эсэн мэнд амаржуулах ариун үйлсэд 36 жил тасралтгүй зүтгэхдээ 13 мянга гаруй хүүхдийг эх барьж авчээ.


Д.Наранчимэг эмч 1967-1969 онд Улаанбаатар хотноо Анагаах ухааны дунд сургууль /АУДуС/-ийг Эх баригч бага эмч мэргэжлээр дүүргэж, ажлын гараагаа  Сэлэнгэ аймгийн Ерөө сумын сум дундын эмнэлгээс эхэлсэн байна.


Хүйн ээж Д.Наранчимэг өдгөө гавьяаныхаа амралтад суусан ч ажил амьдралын арвин туршлагаа залуу эмч, мэргэжилтнүүдэд зааж сурган, өвлүүлэн яваа ахмад эх баригчдын нэг.


Тэрээр төрөх, эмэгтэйчүүдийн тасагт 36 жил ажиллахдаа баг хамт олныхоо дунд нэр хүндтэй, эх үрийн эндэгдэлгүй ажиллаж ирсэн нь түүний хамгийн том ололт, амжилт гэдгийг онцолсон юм.  

Холбоотой мэдээ