Ч.Даваажаргал: Эпилепси өвчнөөр оношлогдсон хүмүүсийг ойлгож тусалж, ялгаварлан гадуурхахгүй байхыг зөвлөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-03-27 18:43:22

Улиастай, 2024 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Жил бүрийн 3 дугаар сарын 26-ны өдрийг олон улсын Эпилепситэй тэмцэх өдөр болгон дэлхий даяар тэмдэглэдэг. Дэлхий дээр 50 сая гаруй эпилепситэй хүн байдаг. Жил бүр 5 сая хүн эпилеспси өвчинтэй гэж оношлогддог байна.


Завхан аймгийн хэмжээнд нийт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн 2 хувь нь, амбулаторийн үзлэгийн 3 хувийг нь эпилеспси өвчин эзэлж байна. Эпилепси буюу уналт, таталт өвчин нь ямар хэлбэрээр илэрдэг, эмчилгээний үр дүнгийн талаар Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэдрэлийн тасгийн мэдрэлийн их эмч Ч.Даваажаргалтай уулзаж ярилцлаа.

 

-Дэлхийн эпилепситэй тэмцэх өдөр болж өнгөрлөө. Энэ өдөр ямар ажлуудыг олон нийтэд хүргэв?

-Жил бүр энэ өдрийг иргэд болон эмч, эмнэлгийн мэргэжилтэнд эпилепси өвчнийг таниулах, мэдээлэл өгөх зорилготой тэмдэглэдэг. Завхан аймгийн нэгдсэн эмнэлэг, Мэдрэлийн тасаг эпилепситэй өвчтөн болон түүний ар гэрийнхнээр хязгаарлахгүй олон нийт болон эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулан цуврал зөвлөмжийг цахим орчинд болон тасгуудын мэдээллийн самбарт байршуулан хүргэлээ.

Жил ирэх тусам өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс мэдээлэл сурталчилгаа, нөлөөллийн ажлыг хийх нь чухал байна.

Мөн өвчлөл нэмэгдэх шалтгаан нь гэмтэл болон удамшлын өвчлөл, нийгмийн байдал зэргээс шалгаалж байна. Өнөөдрийн байдлаар манай эмнэлэгт нийт 200 гаруй хүн байнгын хяналтад эмчлүүлж байгаа. Өнгөрсөн онд гэхэд аймгийн Нэгдсэн эмнэлэгт нийт 80 гаруй хүн оношлогдож, хэвтэн эмчлүүлсэн. Эдгээр иргэдэд эмийн эмчилгээ болон эмийн тун, хүндрэл эрсдэлээс сэргийлэх эмчилгээг хийж байна.  


-Энэ өвчний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? Өвчний үүсэх шалтгаан, сэдрээх хүчин зүйл гээд?

-Энэ эмгэг үүсэх шалтгаануудад тархины гэмтэл, бүтцийн эмгэгүүд, судасны гажиг, төрөхийн өмнөх, төрөх үеийн эрсдэлт хүчин зүйлүүд, халдварт өвчин болон генетикийн шалтгаантай. Харин сэдрээх хүчин зүйлүүдэд хангалттай унтаж амрахгүй байх, дэлгэцийн хэтэрсэн хэрэглээ, хичээл, сургууль, ажлын ачаалал болон эмээ тогтмол уухгүй байх, таслах зэргээс таталт сэдэрдэг, нэмэгддэг.


Тодорхой шалтгаангүйгээр хоёр буюу түүнээс дээш удаа уналт таталт давтагдах бол эпилепсийн өвчин болно. Тархины цахилгаан потенциал хэт идэвхжсэний улмаас богино хугацаанд тархины үйл ажиллагаа саатаж, эпилепсийн уналт таталт үүсдэг. Нийт эпилипси өвчин оношлогдсон хүмүүсийн 50 хувьд нь шалтгаан тодорхойгүй байдаг. Насанд хүрэгчдийн эпилепсийн шалтгаанд тархины гэмтэл, харвалт, тархины хавдар, тархины үрэвсэлт өвчин, тархины судасны төрөлхийн гажиг, настай хүмүүст тархины судасны хатуурал, тархины хатингирал уналт таталтын шалтгаан болдог. Ховор тохиолдолд эпилепси тухайн хүний удамтай холбоотой байдаг.

 

-Эпилепси буюу уналт, таталт өвчин нь ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?

-Уналт таталтын хэлбэрээс хамаарч илрэх шинж тэмдэг өөр байдаг. Ухаан алдах, ухамсарт ухаан алдагдахгүй, таталт өгөхгүй ч байж болно. Мөн дотор муухайрах, аюулхай орчимд эвгүй оргих, гэдэс базлах, хамарт хий юм үнэртэх зэрэг шинжээр илэрч болдог тул мэдрэлийн эмч, эпилептологч нар ялган оношилгоо хийж, баталгаажуулдаг. Уналт таталтаар илэрдэг олон өвчин байдаг, таталт өгсөн болгон эпилепси биш юм.


Эпилепсийн тухай сонсоод ихэнх хүмүүс ухаан алдах, биеийн бүх булчин чангарах, чичирхийлэн татах, дороо мэдээгүй бие засах тухай боддог. Гэтэл эпилепсийн уналт таталт өөр олон хэлбэртэй байдаг. Зарим хүнд богино хугацаанд амаа тамшаална, шүлсээ залгина, зарим нь зорилгогүй нэг янзын хөдөлгөөн давтан хийх, хийж байсан үйлдлээ зогсоож гөлийх, гар, эсвэл хөл гэнэт татвалзах, хааяа тайлбарлахад хэцүү өвөрмөц мэдрэмж (аура) төрнө. Уналт бүрд ухамсарт ухаан алдагдахгүй.


Зарим тохиолдолд ухаан огт алдагдахгүй, зарим тохиолдолд уналтын эхлэлийг мэдрэн, дараа нь юу болсныг санадаггүй, заримдаа шууд ухаан алдана. Дээр хэлсэнчлэн эдгээр шинж тэмдгүүд 24 цагийн зайтай хоёроос дээш удаа давтагдвал эпилепси гэж үзнэ. Ингээд мэргэжлийн эмчид хандаж шаардлагатай оношилгоо шинжилгээнүүдийг хийлгэдэг. Тархины цахилгаан бичлэг болон дүрс оношилгоогоор ямар нэг эмгэг өөрчлөлт илрэхгүй байж болдог тул сүүлийн үед хэн нэгэн хажууд чинь ухаан алдаж унавал шууд гар утсаараа таталтын үеийн видео бичлэг хийхийг зөвлөдөг болсон. Видео бичлэгээ мэдрэлийн болон эпилепси судлаач эмчид үзүүлэхэд онош тавихад их дөхөм болдог.

 

-Энэ өвчний эмчилгээний онцлог нь юу вэ?

-Энэ өвчнийг эмээр хянаад явах боломжтой. Нэг үеэ бодвол манай улсад энэ төрлийн эм маш олон төрлөөр орж ирснээс гадна эрүүл мэндийн даатгалд орсон тул иргэдэд ирэх дарамт багассан. Эмийн эмчилгээг эмчийн бичсэн жор, хугацаа, зааврын дагуу уух нь хамгийн чухал. Уналтын эсрэг эмийг 3-5 жил тасралтгүй, тогтмол ууна. Энэ хугацаанд уналт таталт илрэхгүй, тархины цахилгаан бичлэгт өөрчлөлт илрэхгүй бол эмчилгээг зогсоон гурван жил эмчийн хяналтад байна.

Хяналтад байх хугацаанд мөн уналт таталт илрэхгүй бол эдгэсэн гэж үзнэ.


Өөрөөр хэлбэл эпилепси эмгэг эмээр хянагдах боломжтой хэдий ч өвчтөнүүд өөрөө дур мэдэн эмээ таслах, зогсоох, тунг багасгах тохиолдол гардаг. Энэ үед таталтын давтамж эргэн нэмэгддэг.


Эпилепси оноштой хүмүүс харьяа аймгийнхаа мэдрэлийн эмч болон эпилепси судлаач эмчийн хяналтад эмээ тогтмол ууж, уналтын тэмдэглэл хөтлөн, дэглэмээ барин ажил хөдөлмөрөө эрхлэн хэвийн ажиллаж амьдарч болдог гэдгийг бүх хүн ойлгоосой гэж хүсэж байна.

Зөвхөн шаардлагатай тохиолдолд тухайлбал, угсарч олон удаа уналт таталт давтагдах, таталтын байдал удаан хугацаагаар үргэлжилсэн тохиолдолд эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг.


-Эпилепси өвчинтэй гэж оношлогдсон хүний ар гэр юуг анхаарах шаардлагатай вэ?

-Гэрийн нөхцөлд уналт, таталт өгсөн тохиолдолд утсаараа бичлэг хийх, уналтын тэмдэглэл хөтлөх хэрэгтэй. Мөн уналт, таталтын шинжээс хамааран эмчилгээний тактик, эмийн сонголт хамаарна.

 

Гэр орондоо бэртэж гэмтэхгүй байх, аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн сургууль, цэцэрлэгийн багш нарт нь хүүхэд татаж унасан үед ямар арга хэмжээ авах талаарх мэдээллийг бүрэн өгч хамтран хяналтыг хийх хэрэгтэй. Уналт таталт нь тархины аль хэсгийг гэмтээснээс мөн давтамжаас хамаарч зан төрхийн өөрчлөлтүүд буюу уур уцаартай болох, ой санамж муудах, сэтгэл хөдлөлөө хянах, биеэ авч явах чадвар буурах зэрэг шинжүүд илэрдэг учраас ар гэрийнхэн нь маш сайн ойлгох хэрэгтэй. Ар гэрийн хүмүүсийн хувьд сэтгэл зүйн дарамтад ордог нь анзаарагддаг.


Ар гэрийнхэн болон өвчтөн сонсоод л шууд хөдөлмөрийн чадвараа алдлаа гэж буруу боддог. Манайд гардаг нэг буруу хандлага нь эпилепситэй хүмүүсийг группт оруулж, нийгмийн харилцаанаас тусгаарлах явдал байсаар байна. Орчин үед эпилепси өвчтэй хүмүүсийн 80 хувьд нь эмийн эмчилгээг амжилттай хийж байна. Өөрөөр хэлбэл, уналтын тоо болон эрчим нь эрс буурч, зарим тохиолдолд уналт таталт бүрмөсөн зогсоно.

Тиймээс эпилепситэй хүмүүс өөрийгөө нийгмээс тусгаарлах хэрэггүй. Харин ч ажил, сургууль, сайн дурын гэх мэт олон нийт, баг хамт олныг хамарсан үйл ажиллагаанд оролцох хэрэгтэй.


Мөн гэр бүлийнхэн, ажлын хамт олон нь эдгээр хүмүүсийг олон нийтийн үйл ажиллагаанд татан оролцуулах, идэвхтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх нь зүйтэй. Өвчтэй гээд нийгмээс тусгаарлагдах талууд маш их байгаа.


Эмийн эмчилгээ, хяналтаа таслахгүй байснаар уг өвчнийг хяналтдаа байлгах боломжтой гэдгийг дахин хэлье. Мөн энэ өвчнөөр оношлогдсон, эмчийн хяналтад байдаг хүмүүстэй ойр дотно байж, түүнийг ойлгож тусалж дэмжиж ялгаварлан гадуурхахгүй байхыг олон нийтэд уриалж байна.

-Танд баярлалаа. 

Холбоотой мэдээ