ТӨВ: “Ухаарлаас ургасан бодол” яруу найргийн наадам болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-03-28 16:25:57

Зуунмод, 2024 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Нийтийн номын сангаас "Ухаарлаас ургасан бодол" яруу найргийн наадам, “Зохиолч уншигчдын уулзалт”-ыг өнөөдөр хүүхэд, багачуудын дунд зохион байгуулж байна.

 

Тус наадмыг 2016 оноос хойш 8 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил 8-12 дугаар ангийн 56 сурагч оролцож байна

 

Уг уралдаан нь яруу найргийн авьяастай, уран үгийн ертөнцөд өөрийн билэг оюуныг сорих, яруу найраг шимтэн сонирхож уран унших, зохион найруулах, авьяас чадварыг урамшуулах, үнэт зүйлсээ эрхэмлэн дээдлэх шинээр төрж буй залуу авьяастнуудыг чадавхжуулах зорилготой юм.

 

Түүнчлэн уг наадам нь Их зохиолч Д.Нацагдоржийн шүлэг, яруу найргийг сурталчлан таниулах, утга зохиолын үйл ажиллагааг олон нийтэд түгээн дэлгэрүүлж, соён гэгээгүүлэх зорилгыг мөн агуулжээ.

 

Яруу найргийн наадмыг 3 үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд нэгдүгээр үе шат нь чөлөөт сэдвээр өөрсдийн зохиосон яруу найргийг унших, хоёрдугаар үе шат нь зохион байгуулагч байгууллагаас өгсөн сэдвийн дагуу шүлэг зохиох, гуравдугаар үе шат нь Их зохиолч Д. Нацагдоржийн шүлэг яруу найргаас сонгон цээжээр уран яруу унших юм.

 

“Ухаарлаас ургасан бодол” яруу найргийн уралдаанд оролцогч Хүмүүн цогцолбор сургуулийн 7 дугаар ангийн сурагч М.Түвшинбаяраас сэтгэгдлийг сонсоход, “Би энэ наадамд анх удаа орж байна. Яруу найргийн уралдаанд оролцож байгаа нь өөрийгөө нээхэд туслах байх гэж бодож энд оролцохоор ирсэн. Нэгдүгээр шатандаа оролцоод их сандарлаа. Цаашдаа олны өмнө гарч өөртөө итгэлтэй болохыг хүсэж байна. Үгийн сонголтдоо анхаарч, баялаг үгийн сантай болмоор санагдлаа. Улам илүү гоё зүйлсийг бичмээр байна” гэв. 




Мөн энэ үйл ажиллагаанд хүндэт зочноор Төв аймгийн Угтаалцайдам сумын уугуул Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, Монголын Залуучуудын эвлэлийн шагналт, хүүхдийн зохиолч Оюунбадамын Сундуй оролцож байгаа юм.


Оюунбадамын Сундуй 1960 онд төрсөн. Хүүхдийн зохиолч яруу найрагч. Төрөлх сумандаа 20 настайдаа бага ангийн багшаар ажилллаж эхэлсэн цагаас бага насны хүүхдийг уран зохиолд дуртай болгох, тэдэнд зориулж зохиол бичих ажлаа эхэлсэн. Энэ хоёр ажлыг 40 гаруй жил хийж байна. Энэ хугацаанд хүүхдэд зориулж шүлэг, өгүүллэг, орчин үеийн үлгэр, туужийн 30 гаруй ном, 10 гаруй жүжиг, 3 кино, олон дууны шүлэг бичиж нийтийн хүртээл болгожээ.

Холбоотой мэдээ