Төрийн байгууллагад тогтвортой ажилласны нэмэгдлийг энэ жилээс олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-03-29 12:41:30

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. ХНХ-ын сайд Х.Булгантуяа өнөөдөр хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын тайланг танилцуулахдаа цалин, тэтгэврийн нэмэгдлийн талаар мэдээллээ.


2023 оны долоодугаар сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг дунджаар 40 хувиар нэмсэн. Одоо энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс 10-20 хувиар нэмэгдүүлнэ. Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдынхыг 20 хувиар нэмж байгаа.


Яагаад гэвэл, төрийн нийтлэг үйлчилгээнийхний цалингийн түвшин төрийн бусад тусгай болон төрийн захиргааны болон төрийн мэргэжлийн албан хаагчид, багш, эмч нарын цалингаас бага байсан юм. Төрийн бусад албан хаагчдын үндсэн цалин 10 хувиар нэмэгдэж, үүн дээр ажилласан жилийн болон үр дүнгийн зэрэг бусад нэмэгдэл олгогддог.


Үүнээс гадна аймаг, орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдын цалинг төрийн үйлчилгээг орон нутагт тэгш, хүртээмжтэй, чанартай хүргэхийн тулд аймгийн төвийн суманд ажиллаж буй төрийн албан хаагчдын цалинг 20 хувь, захын болон бусад суманд ажиллаж буй төрийн албан хаагч нарт 40 хувийн нэмэгдэл олгохоор шийдвэрлээд байна гэв.

Мөн 5 жил тутамд олгох, төрийн байгууллагад тогтвор суурьшилтай ажилласны нэмэгдлийг энэ жилээс олгоно. Дээр дурдсан цалингийн нэмэгдлүүдийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн олгохоор Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар батлаад байна  гэв.




Нийслэлийн төвөөс алс 3 дүүрэгт ажиллаж буй төрийн албан хаагч нарын цалинг 20 хувиар нэмж байна. Тэтгэврийн хэмжээг жил бүр инфляцын түвшинтэй уялдуулан 10 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргаад буйг хэллээ. 







Холбоотой мэдээ